ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС ХОХИРОГЧ НАС БАРСАН БОЛ ТҮҮНИЙ ГЭР БҮЛИЙН ГИШҮҮНИЙ СЭТГЭЦЭД УЧИРСАН ГЭМ ХОРЫГ АРИЛГАХ, НӨХӨН ТӨЛӨХ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ 150 ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭГЭЭР ТОГТООЖ ОЛГОНО
2026-06-02 Админ Хандсан тоо: 10 Хуваалцах
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 сарын 10 ны өдрийн 2026/ДШМ/13 дугаар магадлал
Шүүхийн шийдвэрийн тойм: 2
Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болсон
Санамж: "Энэхүү хураангуй нь бүрэн гүйцэт шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно"
Шүүгдэгч С.Ө нь 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн өглөөний 07 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн гэртээ Б.Э-тэй хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргалдаж, улмаар түүний хоолойг дээлийнх нь энгэр хэсгээр баруун гараараа боон сэгсэрч амь насыг хохироож, хүнийг алах гэмт хэрэгт холбогдсон байна. анхан шатны шүүх: шүүгдэгч С.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, арван нэгэн жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хууль тогтоогчоос эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “..хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...гэж заасан. Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийг судлахад шүүгдэгч, амь хохирогч нар нь төв, суурин газраас хол оршин сууж, мал аж ахуй эрхлэн байхдаа ахуйн хүрээнд архидан согтуурч урьдын таарамжгүй харьцаа үл ялих зүйлээс шалтгаалан харилцан маргалдаж улмаар бусдын бие эрх чөлөөнд халдаж, гэмтэл учруулан, амь насыг хохироосон болох нь хэрэгт авагдсан гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, бусад нөхцөл байдлаар тогтоогджээ.
Шүүхээс шүүгдэгч С.Ө-г-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хүний амь нас хохироосон, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялын дунджаар тооцон 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Түүнчлэн анхан шатны шүүхээс монгол улсын дээд шүүхээс 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.3 дугаар зүйлд хохирогч нас барсан бол иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож тогтооно гэснийг үндэслэн, шүүгдэгч с.ө-с 99,000,000 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч д.б-д олгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/шцт/339 дугаар шийтгэх тогтоол
Магадлалыг бүрэн эхээр нь үзэж болох цахим холбоос: https://shuukh.mn/single_case/24327?daterange=2026-01-01%20-%202026-03-19&id=2&court_cat= 2&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч: Ч.Баярцэнгэл