ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ШИЙДВЭРИЙН ТОЙМ
2026-06-02 Админ Хандсан тоо: 31 Хуваалцах
Шийдвэрийн дугаар: 2026 оны 03 сарын 24 өдөр Дугаар 2026/ДШМ/25
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Шийдвэрийн тойм: №02
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно".
Баянхонгор аймгийн Прокурорын газраас нийт шүүгдэгч Ч.С-г бусдтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Сум дундын анхан шатны шүүх шүүгдэгч Ч.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 02/хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, шүүгдэгчийг оршин сууж буй нутаг дэвсгэрээр зорчих үүргийг хүлээлгэн техникийн хяналт тавихыг, шүүгдэгчээс хуульд зааснаар 125,928 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд, 350,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ч.С нь давж заалдах журмаар: "...Өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруу болон ялын зүйчлэлд маргаагүй..., би дуудлагаар үйлчилгээ эрхэлдэг тул миний хувийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдлыг гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн бүрэн эрхийн асуудал байдаг.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гаргасан гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд шүүгдэгч Ч.С нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэхэд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн шийдвэрhttps://shuukh.mn/single_case/24576?daterange=2026-01-01%20-%202026-05-29&id=2&court_cat=2&bb=1
Тойм бичсэн: Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.ГАНЧИМЭГ