Албан уулзалт болов
2026-05-25 Админ Хандсан тоо: 135 Хуваалцах

Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Шүүхийн хүрээлэнгийн захирал Мин Ин-Жү, БНСУ-ын Оюуны өмчийн давж заалдах шатны шүүхийн тэргүүлэх шүүгч Ким Ён-Ги нартай 2025 оны 05-р сарын 23-ны өдөр албан уулзалт хийлээ.
Шүүхийн академи болон Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын хамтарсан танхимын сургалт амжилттай өндөрлөсөнд талууд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв. Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг байгууллагын үйл ажиллагаа, сургалтын цахим платформыг дэлгэрэнгүй танилцууллаа. Дэлхийн оюуны өмчийн байгууллагын анхан шатны мэдлэг олгох зайн сургалт энэхүү цахим платформ дээр үргэлжилж байгаа бөгөөд 67 шүүгч суралцаж байна.
Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэх, сургалтад хамрагдаж буй шүүгчдийн тоог нэмэгдүүлэх, зайн сургалтын агуулгыг Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын загвараар гарын авлага болгон гаргах, БНСУ-ын Оюуны өмчийн судалгааны хүрээлэнд шүүгч-судлаач ажиллуулах ажлыг эрчимжүүлэхээр ярилцан тогтов.
Шүүхийн академи болон ДОӨБ-ын Шүүхийн хүрээлэнгийн хамтын ажиллагааны хүрээнд 2024 оноос эхлэн давхардсан тоогоор нийт 170 гаруй шүүгч оюуны өмчийн сургалтад хамрагдаад байна.
Мөн энэ өдөр Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Шүүхийн хүрээлэнгийн захирал Мин Ин-Жү, БНСУ-ын Оюуны өмчийн давж заалдах шатны шүүхийн тэргүүлэх шүүгч Ким Ён-Ги нар Оюуны өмчийн газарт зочилсон. Тус байгууллагын удирдлагууд Монгол Улсад оюуны өмчийг хамгаалахад шүүгчдийн оролцоо чухал болохыг онцлон энэ удаагийн сургалтын үйл ажиллагаанд тусгайлан талархал илэрхийллээ.


МЭДЭЭЛЛИЙН ТӨВ