ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Оюуны өмчийн маргааныг хянан шийдвэрлэх чиглэлээр шүүгчдэд зориулсан ахисан шатны сургалт өндөрлөж, шүүгчид батламжаа гардан авлаа
2026-05-21 Админ Хандсан тоо: 106 Хуваалцах
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи болон Дэлхийн оюуны өмчийн байгууллага хамтран Оюуны өмчид хамаарах хэрэг хянан шийдвэрлэх асуудлаарх шүүгчдэд зориулсан сургалт зохион байгуулав. Хоёр өдөр үргэлжилсэн тус ахисан шатны сургалтад бүх шатны шүүхийн 28 шүүгч бүрэн хамрагдаж, сургалтын батламжаа гардан авлаа.
Сургалтын хүрээнд Монгол Улс дахь оюуны өмчийн маргааны өнөөгийн нөхцөл байдал болон барааны тэмдэг, зохиогчийн эрхийн маргааныг дижитал зах зээл, цахим орчинд хянан шийдвэрлэх олон улсын арга зүй, практик сэдвийн дор хичээл орлоо. Мөн барааны тэмдэг, зохиогчийн эрхийн хэрэг дэх иргэний болон эрүүгийн эрх зүйн хамгаалалтын арга хэрэгсэл, олон улсын кэйс дүн шинжилгээ, хохирол нөхөн төлүүлэх арга зүйг нарийвчлан судаллаа.
Сургалтыг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт, Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Ганзориг, А.Сарангэрэл, Оюуны өмчийн газрын Патентын ахлах шинжээч Б.Одгэрэл, ДОӨБ-ын Шүүхийн хүрээлэнгийн захирал Мин Ин-Жү, БНСУ-ын Оюуны өмчийн давж заалдах шатны шүүхийн тэргүүлэх шүүгч Ким Ён-Ги, БНХАУ-ын Бээжин хотын Ардын дээд шүүхийн тэргүүлэх шүүгч Юй Хуйбинь нар удирдан явууллаа.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ