ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Монгол Улсын дээд шүүх болон Шүүхийн академи Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2026-05-14 Админ Хандсан тоо: 174 Хуваалцах
Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг нар 2026 оны 05-р сарын 14-ны өдөр буюу өнөөдөр Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага /IDLO/-ын суурин төлөөлөгч Чарльз Болланд, Хөтөлбөрийн удирдагч Н.Одонтуяа нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг “Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн эхний үе шат амжилттай хэрэгжсэнийг цохон тэмдэглээд төслийн зүгээс бүх талын оролцоог хангаж ажилласныг сайшаалаа. Суурин төлөөлөгч Чарльз Болланд энэхүү төслийг үе шаттай хэрэгжүүлэхэд Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэгийн удирдлагын стратегийн оновчтой чиглүүлэг, нягт хамтын ажиллагаа ихээхэн үүрэг гүйцэтгэж байгааг онцлов. Мөн төслийн үйл ажиллагаанд бодитой дэмжлэг үзүүлэн ажилласан Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Н.Баярмаа, Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн нарт талархал илэрхийллээ.

“Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн эхний үе шат жендерт суурилсан хүчирхийлэл тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг чадавхжуулах, тэдний хууль зүйн туслалцаа авах боломжийг нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль тогтоомж болон хариу үйлчилгээг сайжруулах зорилготойгоор хэрэгжин амжилттай өндөрлөсөн.

Энэхүү төслийн хоёр дах шатанд хамтран ажиллах санамж бичигт Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг нар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч Чарльз Болландтай тус тус гарын үсэг зурлаа.
Төслийн хоёр дугаар шат Монгол Улсын иргэний нийгэм, хууль сахиулах ба шүүх эрх мэдлийн салбар, төрийн байгууллагуудын хүчирхийлэлтэй тэмцэхэд хохирогч төвтэй хандлагыг төлөвшүүлэх хамтын ажиллагааны тогтолцоог сайжруулах, чадавх бэхжүүлэх зорилгоор 2025-2030 он хүртэл хэрэгжих юм.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ