ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
"Шүүгчийн сэтгэл зүй ба танин мэдэхүйн хөгжлийг дэмжих" сэдэвт сургалтыг зохион байгууллаа
2026-05-13 Админ Хандсан тоо: 178 Хуваалцах
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи, Монголын Шүүгчдийн холбоо, Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг хооронд байгуулсан “Хамтран ажиллах санамж бичиг”-ийн хүрээнд шүүгч нарт зориулсан ээлжит сургалтыг 2026 оны 5 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Сургалт нь шүүгчийн мэргэжлийн онцлог, ажлын өндөр хариуцлагаас үүдэх сэтгэл зүйн ачааллыг зөв удирдах, сэтгэл хөдлөлөө зохистой илэрхийлэх, сэтгэлийн хатаа хөгжүүлэх, ажлаас халшрах хам шинжийг таних болон урьдчилан сэргийлэх мэдлэг, ур чадвар олгоход чиглэв.

Сургалтыг Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн эрдэмтэн, багш нар шүүгч-сургагч багш нар удирдан явуулсан бөгөөд хөтөлбөрт дараах сэдвүүдийг хамруулав.
Үүнд:
• “Эерэг сэтгэл зүйг бий болгох нь” сэдвээр Отгонтэнгэр их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Б.Энхбаяр;
• “Мэдүүлгийг шинжлэх нь (Худал мэдүүлэг үү, хуурмаг дурсамж уу?)” сэдвээр Шихихутуг их сургуулийн Сэтгэл судлалын тэнхимийн багш, доктор (Ph.D), дэд профессор Ш.Доржханд;
• “Ажлаас халшрах хам шинж” сэдвээр Шихихутуг их сургуулийн Сэтгэл судлалын тэнхимийн багш, магистр Д.Пүрэвсүрэн;
• “Сэтгэлийн хатаа хөгжүүлэх нь” сэдвээр Шихихутуг их сургуулийн Сэтгэл судлалын тэнхимийн багш, магистр А.Тайванжаргал нар сургалтыг удирдан явууллаа.



Мөн “Шүүгчийн стресс, сайн сайхан байдал” сэдэвт цогц модулийг Улсын дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэ, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл, Б.Адъяасүрэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн, Г.Нямсүрэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа нар удирдан явууллаа.






Сургалтад Улсын дээд шүүх, нийслэлийн болон аймгуудын давж заалдах шатны шүүх, дүүргийн болон сум дундын анхан шатны шүүхүүдийн төлөөлөл 40 шүүгч хамрагдав.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ