ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ХОРИГЛОСОН СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ ХУУЛЬ БУСААР ОЛЖ АВЧ, ГЭРТЭЭ ХАДГАЛЖ БАЙСАН Б-Д ХОРИХ ЯЛ ОНОГДУУЛСАН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР ҮЛДЭЭВ
2026-05-11 Админ Хандсан тоо: 14 Хуваалцах
Шийдвэрийн дугаар: 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №540
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Шийдвэр тойм: №7
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Сэтгэцэд нөлөөт бодис нь хүний төв мэдрэлийн системийг дарангуйлах замаар хүний ердийн үйл ажиллагаа, зан авирт өөрчлөлт оруулдаг, улмаар тус бодис нь хүнийг байнга хэрэглэх хараат байдалд оруулдаг хор уршигтай, нийгмийн хор аюул ихтэй гэмт хэрэг учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, бусдад өгөх, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж дэлхийн бүх улсууд өөрийн үндэсний Эрүүгийн хууль тогтоомждоо заадаг.
Сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг хууль бус гэж үздэг.
Мөн сэтгэцэд нөлөөт бодисыг эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт зохих тусгай зөвшөөрөл хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, өөрийн гэр,нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үздэг.
Шүүгдэгч Б-ийн олж авч, гэртээ хадгалж байсан 2.77 грамм жинтэй хатаасан ургамал нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол (delta-9-tetrahydrocannabinol)-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ял, хорих ялын төрлүүдээс шүүгдэгч Б-д хорих ялыг сонгон 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Б нь “Эхнэр жирэмсэн, бага насны 2 хүүхэдтэйгээ амьдардаг, өндөр настай ээж цус харвасны улмаас хэвтэрт байдаг зэргийг харгалзан ял хөнгөрүүлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах зорчих эрхийг хязгаарлах ял, хорих ялаас шүүгдэгч Б-д хорих ялын төрлийн сонгон 1 жил 3 сарын хугацаагаар оногдуулж, хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Б-ийн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг олж авч, бага насны хүүхэд амьдардаг орон гэртээ хадгалж байсан хувийн байдалд нь тохирсон байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж чадсан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн.
Түүнчлэн, тухайн шүүгдэгчид оногдуулж буй ял нь тухайн гэмт хэргийг үйлдсэн шүүгдэгчид хамааралтай бөгөөд Б-ийн ар гэрийн нөхцөл, гэр бүлийн гишүүдэд хамаарах асуудлыг харгалзан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх талаар хуульд заагдаагүй гэсэн дүгнэлтийг хийсэн болно.
Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах