Нефть хангамжийн операторчин буюу бензин, шатахуун түгээгч нь хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарах ажил мэргэжил мөн
2026-05-08 Админ Хандсан тоо: 12 Хуваалцах

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026.03.11-ний өдрийн 120/ШШ2026/0015

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Тоймын огноо, дугаар: 2026.05.04 №01

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Тус шүүхэд Н нь “Өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан “Ө” аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, Н-д өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг тус газарт даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ "...миний ажиллаж байсан шатахуун түгээх станцын түгээгч, нефть хангамжийн операторчоор ажилласан хугацаа нь хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтад байгаа тул хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох боломжтой..." гэж, хариуцагчаас "...нефть хангамжийн түгээгч буюу оператор гэх ажил нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын 2023 оны А221 дүгээр тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлүүдийн ажлын байрны жагсаалтад хамаарахгүй тул Н-ийг хортой нөхцөлд ажилласан гэж үзэж хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоох боломжгүй..." гэж тус тус маргасан.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн бичилт, иргэний үнэмлэхийн хуулбар зэргээс үзвэл нэхэмжлэгч нь 46 настай, эмэгтэй, улсад нийтдээ 23 жил 01 сар, үүнээс нефть хангамжийн операторчин буюу нефть хангамжийн түгээгч, операторчоор 18 жил 2 сар ажилласан байх бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, 5.1.4-т “...газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд..., нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 45 насанд хүрсэн эмэгтэй” гэж,

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтад “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын Хоёр. Хөдөлмөрийн хортой нөхцөл хэсгийн 14-т “Нефть боловсруулах үйлдвэр КИПА засварчин, лаборант, механик, гагнуурчин, сантехникийн засварчин, бензин, нефть зэрэг хортой шингэний резервуарын доторыг уураар утан цэвэрлэх, засварлах ажил хийдэг резервуар цэвэрлэгч, тоног төхөөрөмж, шугам хоолойн засварчин, цистерн, банк, резервуар, худаг дотор цахилгаан хийн гагнуур хийдэг гагнуурчин, насосчин, нефть хангамжийн операторчин, тос шингэн савлагч, торх угаагч, ачаа шалгагч, лаборант, шил сав угаагч, шатахуун ачигч, буулгагч, нярав, цэнэглэх машины жолооч, тос цэвэрлэх цехийн ажилласан тос дахин боловсруулах үйлдвэрийн тос нэрэгч, тунгаагч, мастер, инженер” гэж, мөн 2023 оны А/221 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтад “...жагсаалт"-ын Хоёр. Хөдөлмөрийн хортой нөхцөл  хэсгийн 2.19. Нефть боловсруулах үйлдвэрийн: 8.Нефть хангамжийн операторчин /Дүйцүүлэн хэрэглэх ажил, мэргэжлийн жагсаалт/ гэж тус тус заасан байна.

Дээрх хууль болон “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох...ажил, мэргэжлийн жагсаалт”-ын холбогдох заалт зэргээс үзвэл нэхэмжлэгчийн ажиллаж байсан дээрх ажил нь тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох “хөдөлмөрийн хортой нөхцөл”-д хамаарах ажил мэргэжил мөн гэж шүүх үзсэн.

Учир нь, шатахуун түгээх станцын түгээгч буюу нефть хангамжийн операторчны ажил мэргэжил нь Нефть боловсруулах үйлдвэр, эсхүл Газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг нефть хангамжийн байгууллагын алинд ажиллаж байгаагаас үл хамаараад тухайн ажил мэргэжлийн чиг үүрэг, онцлог байдал /бензин, шатахуун, тэсэрч, дэлбэрэх бодистой байнга ойр харьцдаг, түүнийг түгээх, хэмжих, хүлээн авах зэрэг/ нь адилхан хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарахаар байхад хариуцагч “...зөвхөн Нефть боловсруулах үйлдвэрийн нефть хангамжийн операторчны ажил мэргэжил хамаарна, харин Шатахуун түгээх станцын түгээгч, операторчоор ажилласан хугацаа үүнд хамаарахгүй...” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоохоос татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байна.

Иймд нэхэмжлэгчийн хувьд “Нефть боловсруулах үйлдвэр” эсхүл “Газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг нефть хангамжийн байгууллага”-ын алинд нь ажиллаж байснаас үл хамааран нефть хангамжийн операторчин буюу нефть хангамжийн түгээгч/оператор/-ийн ажил эрхэлсэн бол “хөдөлмөрийн хортой нөхцөл”-д хамаарна гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоохоос татгалзсан хариуцагч байгууллагын татгалзал хууль бус болохыг тогтоон, нэхэмжлэгчид өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгаж шийдвэрлэв.

 

Тойм бэлтгэсэн: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонцэцэг