ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Гэрлэлтийн баталгаагүй бол хамтран амьдарч байх хугацаанд үүссэн хөрөнгийг хуваахад оруулсан хувь хэмжээ, хөрөнгийг харгалзана
2026-05-08 Админ Хандсан тоо: 17 Хуваалцах
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.12.02-ны өдрийн №1506 шийдвэр
Шүүхийн шийдвэрийн тойм: 2026.05.05
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Нэхэмжлэгч Х.А нь хариуцагч Б.Г-д холбогдуулан хамтран амьдарч байхдаа худалдан авсан 2 өрөө орон сууцнаас өөрт болон насанд хүрээгүй хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулна гэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Хариуцагч нь тухайн орон сууцыг өөрийн хөрөнгөөр худалдан авсан тул хуваах үндэслэлгүй гэж маргасан.
Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь хамтран амьдарч байх хугацаанд маргаан бүхий орон сууцыг хариуцагч худалдан авсан болох нь тогтоогддог. Мөн тэд гэрлэлтийн баталгаагүй, одоо тусдаа амьдарч байгаа буюу нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг худалдан авахад ямар оролцоотой байсан талаар буюу оруулсан хөрөнгөө нотлоогүй.
Харин хариуцагч нь маргаан бүхий орон сууцыг худалдан авахад зориулж урьдчилгаанд үнийн дүнгийн 30 хувь төлбөрийг дангаараа бүрдүүлж, үлдэх хэсгийг банкны зээлээр ганцаараа зээлийн гэрээ байгуулан худалдан авсан. Мөн орон сууцны зээлийг хариуцагч төлж байгаа болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:
https://shuukh.mn/single_case/219168?daterange=2025-01-01%20-%202026-05-06&id=1&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал