ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
БУСДЫН ЭД ХӨРӨНГИЙГ УСТГАЖ ГЭМТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРЭГ БОЛНО
2026-05-07 Админ Хандсан тоо: 11 Хуваалцах
Шийтгэх тогтоолын огноо дугаар: Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2026/ШЦТ/46
Шүүхийн шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Иргэн Г согтуурсан үедээ 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 16 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн машины зогсоолд байрлах Сонгино сумын Эрүүл мэндийн төвийн Ланд круйзер-78 маркийн ** - ** ЗАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын салхины шил, урд кирланыг газарт байсан цементийн хагархайгаар цохиж эвдэж гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.
Прокуророос Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “бусдын эд хөрөнгө, устгах гэмтээсэн” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Хэргийн хувьд шүүгдэгч Г нь согтуурсан үедээ тус аймгийн Сонгино сумын Эрүүл мэндийн төвийн өмчлөлийн Ланд круйзер-78 маркийн ** - ** ЗАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг цементийн хагархайгаар цохиж эвдэж гэмтээсэн нь дээрх гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
Энэ нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдлийн улмаас хохирогчид хохирол, хор уршиг учрахыг мэдсээр байж, хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэм буруутай этгээд буюу Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Завхан аймгийн Улиастай сумаас гадагш зорчих эрхийг хязгаарлаж, тогтоосон чиглэлээр зорчих эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг 2 сарын хугацаагаар хүлээлгэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Бага хэмжээний хохирол гэдэг нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т зааснаар гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг /300,000 төгрөг/, түүнээс доош хэмжээг ойлгох бөгөөд хохирогч байгууллагад 1,550,000 төгрөгийн хохирол учруулсныг гэм буруутай этгээдээс гаргуулж шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр үзэх цахим холбоос:
https://shuukh.mn/single_case/135279?daterange=2026-01-01%20-%202026-05-07&id=1&court_cat=2&bb=1
Тойм бэлтгэсэн: Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дэлгэрмаа