ХОРИХ ЯЛ ОНОГДУУЛСАН ЭТГЭЭДИЙН ХҮҮХДЭД АСРАН ХАМГААЛАГЧ ТОМИЛОХЫГ СУМЫН ЗАСАГ ДАРГАД ДААЛГАЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
2026-05-07 Админ Хандсан тоо: 11 Хуваалцах

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар:Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх

2026 оны 02 сарын 03 өдрийн №2026/ШЦТ/22 дугаартай шийтгэх тогтоол

Шүүхийн шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Иргэн Д нь 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд иргэн Б-гийн эзэмшлийн байшингийн цонхыг хагалж дотогш хууль бусаар нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлах” гэмт хэрэгт аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс Д-гийн хэргийг хянан хэлэлцэж Эрүүгийн хуульд заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял оногдуулсан.

Иргэн Д нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “би өндөр настай ээж, 2-8 насны 3 хүүхэдтэйгээ амьдардаг, ганц бие эх” гэж мэдүүлдэг бөгөөд Гэр бүлийн тухай хуульд “...эцэг, эх нь хорих газарт ял эдэлж байгаа... зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхэд”-ийг эрх бүхий байгууллагаас асран хамгаалагч томилж асран хамгаалахаар заасан байна.

Асран хамгаалалтад байх хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлэхээр заасан.

Хүүхдийг асран хамгаалах, харгалзан дэмжих шаардлагатай байгаа тухай мэдээллийг аливаа байгууллага, иргэн холбогдох сум, дүүргийн Засаг даргад өгөх үүргийг хүлээх тухай хуулийн зохицуулалтын дагуу иргэн Д-гийн бага насны 3 хүүхдэд асран хамгаалагч томилохыг сумын Засаг даргад даалгах нь хүүхдүүдийн хууль ёсны эрх ашигт нийцнэ гэж шүүх шийдвэрлэсэн болно.

 

 Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

https://shuukh.mn/single_case/131516?daterange=2026-01-01%20-%202026-05-06&id=1&court_cat=2&bb=1

 

 

Тоймыг бэлтгэсэн: Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхжаргал