ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Хүүхдийн эрхийн зөрчилд сургуулийн захирал хариуцлага хүлээх үү
2026-05-07 Админ Хандсан тоо: 17 Хуваалцах
Шүүхийн нэр: Монгол Улсын дээд шүүх Иргэний хэргийн танхим
Шүүхийн шийдвэрийн дугаар: 2023.06.06 №001/ХТ2023/00117
Тоймын дугаар, огноо: №81 /ИХТ28/ 2026.05.06
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү хураангуй тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах, олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргад холбогдуулан “Б/29 тоот сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаал буруулах тухай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч С.Э дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон: “...сумын засаг даргын 2022.08.23-ны Б/29 захирамжийн агуулга ойлгомжгүй бөгөөд сумын засаг дарга сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх эрхгүй, …болсон үйл явдал нь сургуулийн орчинд болсон эсэх нь тогтоогдоогүй, учир нь дээрх хугацаанд Ковид өвчний улмаас сургууль танхимаар бүрэн хичээллээгүй, цахимаар хичээллэсэн. Мөн гүйцэтгэлийн үнэлгээний шалгуур, үр дүнг нэхэмжлэгчид танилцуулаагүй, ажлын байрны тодорхойлолтыг өгөөгүй байтал биелүүлээгүй гэж буруутгасан, мөн захирлыг албан тушаал бууруулах эрхгүй тул уг захирамж хүчингүй болгох үндэслэлтэй...” шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: “...сургуулийн орчинд хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдсөн үйлдлүүд удаа дараа гарсан нь нэхэмжлэгч ажилдаа хайхрамжгүй хандаж, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсний илрэл бөгөөд хөдөлмөрийн гэрээний 5.1.4, 5.1.17 дугаар зүйлийг зөрчсөн. Мөн аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын 1/123 тоот албан бичгээр сургууль 2021 оны үнэлгээгээр сүүлийн 5 байранд орсон нь тогтоогдсон тул захирлын хувьд хариуцлага тооцох үндэслэлтэй...” гэж маргажээ.
Анхан шатны шүүх: “...сурагч W нь гадаа байрлах бие засах газарт төрсөн, сурагч Z нь жирэмсэн болсон нөхцөл байдалд сургуулийн захирал С.Э нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг 2 ба түүнээс дээш удаа хангалтгүй биелүүлсэн гэж үзэх, хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүх: “...С.Э-г сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв хэрэглэсэн, харин “...ажил олгогч нь С.Э-г албан тушаал бууруулж, өөр ажилд буруу шилжүүлсэн байхад анхан шатны шүүх түүнийг ажлаас чөлөөлсөн гэж үзэж, түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан олговор олгосон нь буруу" нэхэмжлэгч насан туршийн боловсролын багшаар ажиллаж байгаа бөгөөд цалин хөлсний зөрүү нэхэмжлээгүй тул ажилгүй байсан хугацааны олговор нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулсан.
Хяналтын шатны шүүх: “...сургуулийн захирал нь хөдөлмөрийн гэрээний үүргээс гадна суралцагчийг сургуулийн ойр орчинд гэмт хэрэг, зөрчил зэрэг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хяналт тавих, сургуулийн орчинд хүүхдийн эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хууль тогтоомж болон ёс зүйн хувьд тусгайлан үүрэг хүлээх ёстой албан тушаалтан юм. Гэтэл захирал С.Э энэ үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж байсан гэдгээ баримтаар нотлоогүй бөгөөд үүний улмаас сургуульд хүүхдийн эрхийн ноцтой зөрчил дараалан гарсан тул захирлыг ажлаас чөлөөлсөн Сумын Засаг даргын захирамж хууль зөрчөөгүй” гэж дүгнэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/10279?daterange=2023-06-06%20-%202023-06-06&id=3&court_cat=1&bb=1
Тойм бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон