Гэмт хэргийн улмаас амь хохирсон хүний ар гэрт сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр олгов
2026-05-05 Админ Хандсан тоо: 3 Хуваалцах

Шийдвэрийн огноо: 2026.04.30

Шийдвэрийн дугаар: 2026/ШЦТ/188

Шийдвэрийн тойм №05

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Шүүгдэгч М.Д нь 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Х аймгийн Ч сумын 2 дугаар багийн нутагт Б.Б-тэй “машин эвдлээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар толгойн тус газар нь төмрөөр цохиж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүхээс М.Д-ын дээрх үйлдэлд хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч М.Д-ээс сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 99,000,000 төгрөгийг гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.А-д олгохоор шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-т “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж хуульчилсан.

Уг хуулийн дээрх зохицуулалтын зорилго нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон сэтгэцийн эмгэгийн зэрэглэлээс үл шалтгаалан амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах явдал бөгөөд гэмт хэргийн улмаас амь хохирсон хүний ар гэрт үүссэн уй гашуу, шаналал, хямрал, цочрол зэргийг мөнгөн дүнгээр тооцож, зөвхөн амь хохирогчийн гэр бүлийн нэг гишүүнээр хязгаарлахгүйгээр, тэгш эрхийн зарчимд тулгуурлан ар гэрт нь олгож буй сэтгэцийн гэм хорын төлбөр юм.

         

Тоймыг бэлтгэсэн: Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр