ГОМДОЛ ГАРГАХ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ХЭТРҮҮЛСЭН ТУЛ НЭХЭМЖЛЭЛИЙН ШААРДЛАГЫГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖ ШИЙДВЭРЛЭВ
2026-05-05 Админ Хандсан тоо: 2 Хуваалцах

Шүүхийн шийдвэр дугаар: 2026.03.02, 141/ШШ2026/00076

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Шийдвэрийн хураангуй: Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч .....аймгийн А.... сумын хүүхдийн цэцэрлэгт холбогдуулан “З......н аймгийн А...........сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/03 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан дундын бүлгийн багшийн ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай” тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно” гэж заасан байна.

 Хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргааны талаарх гомдол гаргах хугацааг Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан зохицуулжээ. Тухайлбал:

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй...” гэж,  мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор” гэж тус тус заажээ.

нэхэмжлэгч Г.М.......нь ажлаас чөлөөлсөн Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/03 дугаартай ажлаас халах тухай тушаалыг 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гардаж авснаас хойш эс зөвшөөрсөн тохиолдолд 30 хоногийн дотор Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт зааснаар Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт “Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ” гэж, мөн зүйлийн 158.2.2-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан” гэж тус тус зааснаас үзвэл хөдөлмөрийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж эс зөвшөөрсөн гомдлоо хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл 30 хоногийн дотор гомдлыг шүүхэд гаргах боломжтой байна.

Нэхэмжлэгч Г.М.......нь Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/03 дугаартай ажлаас халах тухай тушаалыг 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гардаж авснаас хойш 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

Хуулийн дээрх зохицуулалтаар гомдол гаргах эрх үүссэн үеэс хугацааг тоолох бөгөөд хөдөлмөрийн гэрээний нэг тал өөрийн эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс гомдол гаргах эрх үүснэ.

Иймд нэхэмжлэгч Г.М нь Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/03 дугаартай тушаалыг 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гардаж авснаас хойш 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т заасан 30 хоногийн дотор гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шийдвэрийн тойм бэлтгэсэн: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч  Б.Өлзийхишиг