“Төрийн албан хаагчид холбогдох эрүү, иргэн, захиргааны эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
2026-04-28 Админ Хандсан тоо: 364 Хуваалцах

Завхан аймагт шүүх байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн академи, Завхан аймаг дахь шүүх хамтран 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр “Төрийн албан хаагчид холбогдох эрүү, иргэн, захиргааны эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа.

Хурлыг Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг удирдан явуулж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг нээлтийн үг хэллээ. 

Тэрээр сүүлийн хоёр жилийн хугацаанд 377 төрийн албан хаагч авлигын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн нь төрийн албанд үйлдэгдэж буй гэмт хэргийн дотор хамгийн өндөр хувийг эзэлж байгааг онцлов. Ял шийтгүүлсэн албан хаагчдын 32.89 хувь нь төрийн үйлчилгээний, 29.44 хувь нь төрийн захиргааны, 25.73 хувь нь төрийн тусгай албан хаагч байгаа нь авлигын эрсдэл төрийн бүх шатанд тархсан байгааг илэрхийлж буйг дурдлаа.

Түүнчлэн авлигын болон албан тушаалын гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд шүүгчийн мэргэшил, шүүхийн хараат бус байдал, ил тод нээлттэй ажиллагаа онцгой ач холбогдолтойг тэмдэглээд, сүүлийн жилүүдэд авлигын хэргийн шүүх хуралдааныг нээлттэй, шууд дамжуулдаг болсон нь шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлж буйг онцлов.

Эрдэм шинжилгээний хурлын хүрээнд дараах үндсэн илтгэлүүдийг хэлэлцүүллээ. Үүнд:

  • Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхжаргал, “Төрийн албан хаагчид холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал”
  • Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир, “Хууль бус захиргааны акт гаргасан албан тушаалтанд тавих хяналт, хүлээлгэх хариуцлага”
  • Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Нандинцэцэг, “Ашиг сонирхлын зөрчил ба авлигын гэмт хэрэг”
  • Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Дамдиндорж, “Хайнга хандах гэмт хэргийг авлигын гэмт хэргээс ялган зүйлчлэх асуудал”.

Мөн панел хэлэлцүүлэг зохион байгуулагдаж, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Захиргааны хэргийн танхимын шүүгч М.Батсуурь, Иргэний хэргийн танхимын шүүгч  Н.Батзориг нар оролцон, шүүхийн практикт тулгарч буй нийтлэг асуудал, хууль хэрэглээний зөрүү, шийдвэрлэх арга замын талаар санал солилцлоо.

Хурлын төгсгөлд Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Намхайдорж хаалтын үг хэлж, оролцогчдод талархал илэрхийлэн, эрдэм шинжилгээний хурлаас гарсан санал, зөвлөмжийг шүүхийн практикт нэвтрүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахыг онцлов.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ