Барилгын дээврийг буруу хийсэн тул зардлыг гүйцэтгэгч төлөх ёстой
2026-04-28 Админ Хандсан тоо: 18 Хуваалцах

Шийдвэрийн дугаар: 2025.04.16 3198
Шийдвэрийн тойм: 2026.04.28
Шийдвэрийн төлөв: Шийдвэр хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нэхэмжлэгч М ХХК нь Э ХХК-д холбогдуулан Барилгын дээврийн чанарын доголдлыг арилгахад шаардагдах 643,592,545 төгрөг гаргуулахаар шаардсан.

Шаардах эрхийн үндэслэлээ: … Гүйцэтгэгч нь худалдааны төвийн дээврийг хууль, стандарт, барилгын нормын дагуу чанартай гүйцэтгэх үүргээ зөрчсөн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Үүний улмаас дээврээс ус гоожих, дэлгүүрийн үйл ажиллагаа доголдох, байнгын засвар хийх шаардлага үүссэн. Гэрээнд заасныг зөрчин чанаргүй материалыг дур мэдэн ашигласан бөгөөд 2023 оны шинжээчийн дүгнэлтээр дээврийг засварлахад 643,592,545 төгрөг шаардлагатай гэж тогтоогдсон гэж тайлбарласан.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: Дээврийн ажлыг 2016 оны 3 дугаар сард акт үйлдэн, зураг төслийн дагуу, чанарын баримттайгаар хүлээлгэн өгсөн бөгөөд тухайн үед ямар нэг доголдол, гомдол гаргаагүй гэж маргасан. Ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, магадлагчийн үнэлгээнд дээврийн төмөр нимгэн, бэхэлгээ сул гэх зөрчил тэмдэглэгдээгүй гэж тайлбарласан.
Хэрэглэсэн материал нь зураг төсөлд заасан хэмжээнд нийцсэн, дээврийн өөрчлөлтийн зураг нь ажлыг дуусгаснаас 7 жилийн дараа гарсан тул хариуцагчид хамаарахгүй гэж үзсэн. Сэндвичэн дээврийн норм батлагдаагүй байхад норматив зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй гэж маргасан.
Мөн захиалагч нь зохиогчийн хяналт, лабораторийн шинжилгээ хийлгээгүй, ашиглалтад ороогүй барилгыг эрт ашиглаж, дээвэр дээр хүнд тоног төхөөрөмж байрлуулж цоолсон нь ус нэвчих шалтгаан болсон гэж үзсэн.
Эцэст нь, ажлыг 2016 онд хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд шаардлага гаргаагүй тул нэхэмжлэх эрхээ алдсан гэж маргасан.

Хэргийн баримтаар: Нэхэмжлэгч гэрээ, Монгол Улсын барилгын стандарт, норм нормативыг зөрчсөн гэж үзэн, дээврийн засварын зардлыг шаардсан.
Хариуцагч акт үйлдсэн, чанарын шаардлага хангагдсан гэж маргасан.
Шинжээч болон мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр дээвэр зураг төсөл, стандартын дагуу баригдаагүй, засварлах шаардлагатай болохыг тогтоосон.
Нэхэмжлэгч доголдлыг баталгаат хугацааны дотор мэдэгдэж, хөөн хэлэлцэх хугацааг зөрчөөгүй.
Хуулийн зохицуулалт: Иргэний хуулийн 343, 350 дугаар зүйлээр ажил гүйцэтгэгч гэрээний дагуу чанарын шаардлагад нийцсэн үр дүн шилжүүлэх үүрэгтэй.
Доголдол гарсан тохиолдолд захиалагч нь доголдлыг арилгуулах зардлыг нөхөн төлүүлэх эрхтэй.
Баталгаат хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг зөрчөөгүй.
Шүүхийн дүгнэлт: Нэхэмжлэлийн шаардлага баримтаар нотлогдсон. Хариуцагч шаардлагыг үгүйсгэх нотлох баримтаа хангаж өгөөгүй.
Иймд хариуцагч “Э” ХХК нь дээврийн доголдлыг арилгах зардал 643,592,545 төгрөгийг нэхэмжлэгч “М” ХХК-д олгуулах шүүхийн шийдвэр гаргав.

Шийдвэрийг бүтнээр нь үзэх холбоос:

https://shuukh.mn/single_case/188302?daterange=2025-01-01%20-%202026-01-08&id=1&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс.