Бусдын өмчлөлийн газар дээр барилга барьснаар түүний доорх газрыг өмчлөх эрх үүсэхгүй
2026-04-27 Админ Хандсан тоо: 7 Хуваалцах

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 121/ШШ2025/0012

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Иргэн Ж-ээс “М” ХХК-ийн эзэмшлийн газар дээр тус компанийн зөвшөөрлөөр үл хөдлөх эд хөрөнгө барьж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна.

Үүний дараа сумын Засаг даргын захирамжаар “М” ХХК-ийн эзэмшлийн газраас 7000 м.кв газрыг тус компанийн үүсгэн байгуулагч иргэн Э-д өмчлүүлсэн байх бөгөөд уг өмчлүүлсэн газарт иргэн Ж-ийн үл хөдлөх хөрөнгө байрлах газар багтжээ.

Иргэн Ж-ээс шүүхэд хандан “сумын Засаг даргын … дугаар захирамжаар иргэн Э-д 7000 м.кв газрыг өмчлүүлэхдээ Ж миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн доорх 130 м.кв газартай давхцуулан олгосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гарган маргасан.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус зааснаас үзвэл газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу олж аваагүй, газар эзэмших, ашиглах талаар гэрээ байгуулаагүй, эрхийн гэрчилгээгүй этгээдийн хувьд газар эзэмших, ашиглах эрхгүй гэж заасан.

Иймд бусдын газар дээр түүний зөвшөөрлөөр барилга барьж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан нь газрын эзэмшигч, өмчлөгчийн эрхийг үгүйсгэх, хүчингүй болгох үндэслэл болохгүй тул шүүхээс нэхэмжлэгч Ж-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Тойм бичсэн: Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг