ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Сумын Засаг дарга хууль, журмыг баримтлан ажиллах үүрэгтэй
2026-04-27 Админ Хандсан тоо: 6 Хуваалцах
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 121/ШШ2025/0009
Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм
Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой
Иргэн Э нь усалгаагүй тариалангийн зориулалтаар эзэмшүүлэх газрын дуудлага худалдаанд оролцож, үнэ өсгөн өрсөлдөж, хамгийн өндөр үнэ хэлснээр дуудлага худалдааны ялагч болж, ялагчийн гэрээ байгуулан газрын дуудлага худалдааны үнийг бүрэн төлсөн байна.
Гэтэл сумын Засаг даргаас “...тус газрын дуудлага худалдаатай холбоотой багийн иргэдээс удаа дараа гомдол, эсэргүүцэл амаар болон бичгээр гаргаж байгаа. Үүнээс гадна газрын дуудлага худалдаа зохион байгуулдаг “Газрын биржийн цахим систем” тухайн өдөр гацсан байж болзошгүй тухай иргэнээс мэдээлэл ирсэн...” зэрэг үндэслэлээр газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг гаргаагүй байна.
Иймээс иргэн Э нь шүүхэд нэхэмжлэл гарган маргасан.
Шүүх нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэж, сумын Засаг даргын газар эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа нь хууль зөрчсөн гэж дүгнэсэн.
Учир нь Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа зохион байгуулах журам-ыг баталсан. Тус журамд Дуудлага худалдааны ялагч заасан хугацаанд дуудлага худалдааны үнийг бүрэн төлснөөр тухайн шатны Засаг дарга газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах ... тухай шийдвэр гаргана гэж заасан.
Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах, түүнчлэн тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч мөн.” гэж заасан.
Сумын Засаг дарга нь тухайн суманд хууль тогтоомж, Засгийн газар болон харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлэхдээ төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх үндсэн зарчмыг баримтлан ажиллах үүрэгтэй.
Иймд сумын Засаг дарга нь хууль, журмыг баримтлах “хууль дээдлэх” төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг хэрэгжүүлэхгүйгээр сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаж, зохих журмын дагуу явагдсан газрын дуудлага худалдаанд оролцож ялагч болж, дуудлага худалдаагаар тогтсон үнийг бүрэн төлсөн иргэнд газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргахгүй байгаа нь хууль зөрчсөн гэж шүүх дүгнэжээ.
Тойм бичсэн: Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг