ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХТЭЙ ХЭДИЙ Ч СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН ЭТГЭЭДЭД БАРИВЧЛАХ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛАВ
2026-04-27 Админ Хандсан тоо: 7 Хуваалцах

Шийтгэврийн огноо: 2026.01.05

Шийтгэврийн дугаар: 2026/4002/ЭХ/ЗШ/000010

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Зөрчилд холбогдогч Д.Л нь 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 16 цаг 50 минутын орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Toyota.Prius-XW20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцжээ.

Иймд зөрчилд холбогдогч Д.Л-д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй юм.  

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т заасан зөрчил үйлдсэн этгээдийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах хуулийн зохицуулалттай.

Шүүх зөрчилд холбогдогч Д.Л-д шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн зөрчлийн хэр хэмжээ, зөрчил үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзаж үзээд баривчлах шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.      

 Учир нь:

Зөрчлийн хэр хэмжээ гэдэг нь тухайн зөрчлийн хор уршгийн хэмжээ, нийгмийн аюулын түвшинийг тодорхойлдог ойлголт ба  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтолттой этгээд тээврийн хэрэгслийг жолоодож эхэлсэн цаг мөчөөс аюултай байдал бий болж байдаг бөгөөд үүнийг жолооч энгийн ухамсрын түвшинд ухамсарлан ойлгох боломжтой. 

Олон улсын стандартын жишгээр 0.20-1% бол хөнгөн, 1-2% бол дунд, 2%-иас дээш бол хүнд зэргийн согтолтод хамаарах ба зөрчилд холбогдогч Д.Л-ийн 1.18% тоон үзүүлэлт бүхий согтолт нь дунд зэргийн согтолтод хамаарч байна.

Түүнчлэн зөрчилд холбогдогч нь урьд 2023 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдэж шүүхээр шийтгүүлж байсан боловч энэ байдалдаа дүгнэлт хийгээгүй дахин энэ төрлийн зөрчлийг үйлдсэн байна.

Иймээс шүүх түүнийг бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болзошгүй өндөр эрсдэлтэй нөхцөлд зөрчил үйлдсэн байна гэж дүгнэсэн болно.

 

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Уртнасан