Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд ял оногдуулав
2026-04-27 Админ Хандсан тоо: 11 Хуваалцах

Шүүхийн шийдвэрийн огноо дугаар: 2026.02.02, 2025/ШЦТ/12

Шүүхийн шийдвэрийн төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шүүхийн шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Шүүгдэгч Л.Ё-г Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Л.Ё нь 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутагт байрлах “Алтанбулаг” гэх тээш хүлээн авах байрны гадна иргэн Ш.Б-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Прокуророос Л.Ё -д үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ба түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг гаргасан байна.  

Шүүгдэгч Л.Ё нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлоо нөхөн төлсөн, холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, мөн шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.

Иймд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Э.Баттогтоход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Тойм бэлтгэсэн: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч  П.Доржбал