Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд ял оногдуулав
2026-04-27 Админ Хандсан тоо: 15 Хуваалцах

Шүүхийн шийдвэрийн огноо дугаар: 2026.01.15, 2025/ШЦТ/10

Шүүхийн шийдвэрийн төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шүүхийн шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Шүүгдэгч Э.Б-г Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Э.Б нь 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Завхан аймгийн Түдэвтэй сумын Цорго багийн нутаг “Майхан толгой” гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Д маргалдаж, түүний биед халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн хоншоорын урд, гадна хана, зүүн нүдний ухархайн гадна хана, зүүн хацар яс, хамар ясны нийлмэл хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн шанаа, хацар, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 2-р шүдний сулрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Прокуророос Э.Б-д үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ба түүнд 800,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг гаргасан байна.

Шүүгдэгч Э.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Э.Баттогтоход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Тойм бэлтгэсэн: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч  П.Доржбал