Шүүх мөрдөн шалгах ажиллагаанд 2-5 жилийн хугацаанд шалгагдсан 208 хохирогчтой иргэдийг цахим хэрэгсэл ашиглан залилах гэмт хэрэг үйлдэж их хэмжээний хохирол учруулсан хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэлээ
2026-04-27 Админ Хандсан тоо: 14 Хуваалцах

Шүүхийн нэр: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх    

Шийдвэрийн дугаар: 2026.04.02  №2026/ШЦТ/897

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Шийдвэрийн тоймын огноо: 2026.04.09 №07

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”          

 

          Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Мягмарсүрэнгийн Баярмааг “Бридж реал ХХК-ийн захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 208 хохирогчийг мөнгө зээлж хүүнд нь түрээсийн байранд үнэгүй суулгана, зээлсэн мөнгийг өөрийн компанийн барьж буй орон сууцны урьдчилгаа төлбөрт тооцож шинэ орон сууцанд оруулж өгнө, газар болон үл хөдлөх хөрөнгөө шилжүүлбэл 2023 онд шинээр ашиглалтад орох байранд зогсоол, байр, үйлчилгээний талбай өгнө” гэж тус тус хуурч нийт 5,986,094,030 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн. 

         

          Шүүх хэргийг хүлээн авч 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцэж шүүгдэгч М.Баярмааг нэр бүхий 208 хохирогчийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож бусдад 5,986,094,030 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 5,986,094,030 төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэв.

 

Тоймыг бэлтгэсэн: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав.