ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Шүүх мөрдөн шалгах ажиллагаанд 2-5 жилийн хугацаанд шалгагдсан 289 хохирогчтой иргэдийг цахим хэрэгсэл ашиглан залилах гэмт хэрэг үйлдэж их хэмжээний хохирол учруулсан хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэлээ
2026-04-27 Админ Хандсан тоо: 13 Хуваалцах
Шүүхийн нэр: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх
Шийдвэрийн дугаар: 2026.02.05 №2026/ШЦТ/391
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Шийдвэрийн тоймын огноо: 2026.04.09 №08
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Шижиртийн Хэрлэнбаатарыг “2021 оны 07 дугаар сараас 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хооронд фейсбүүк, Үнэгүй.мн, Зар мэдээ.мн сайтуудад “нэгээс хоёр өрөө байрыг түрээсэлнэ, түрээсийн мөнгийг урьдчилан шилжүүлбэл зараа устгаж, танд түрээсэлье, урьдчилгаа мөнгө байршуулаад ирж түлхүүрээ ав”, контейнер зарна, автомашин хямд зарна” гэх мэт хуурамч зар байршуулж 289 хохирогчид 575,670,000 төгрөгийг хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон”, бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн.
Шүүх хэргийг хүлээн авч 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэж шүүгдэгч Ш.Хэрлэнбаатарыг нэр бүхий 289 хохирогчийг залилан, 575,670,000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 575,670,000 төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав.