"Сэтгэл судлал таны амьдралд" сэтгүүлийн шүүгчдэд зориулсан тусгай дугаар хэвлэгдлээ
2026-04-27 Админ Хандсан тоо: 88 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи, Монголын шүүгчдийн холбоо болон Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан билээ. Уг санамж бичгийн хүрээнд талууд шүүгчийн сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих, мэргэшүүлэх сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна. 

Хамтын ажиллагааны хүрээнд 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “Шүүгчийн сэтгэл зүй ба танин мэдэхүйн хөгжлийг дэмжих” нь сэдэвт  сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулсан. Энэ удаа  талууд хамтран “Сэтгэл судлал таны амьдралд” сэтгүүлийн 2026 оны 04 дүгээр сарын тусгай дугаарыг “Шүүхийн сайн сайхан байдал шүүгчдийн сэтгэлзүйн эрүүл мэнд” сэдвээр бэлтгэн уншигчдын хүртээл болголоо.

Сэтгүүлийн энэ удаагийн дугаарт Шүүгчдийн холбооны тэргүүн, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Батбаатарын “Шүүгчийн сэтгэл зүйн эрүүл мэнд бол шүүх засаглалын хараат бус байдлын нэг суурь мөн” ярилцлага, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн “Шүүхийн сайн сайхан байдал”, Шүүхийн академийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн “Шүүгч ч гэсэн хүн” нийтлэл, мөн Шүүгчийн ажлаас халшрах хам шинж, Шүүгчийн сэтгэлзүйн сайн сайхан байдал ба сэтгэлийн хат, үе тэнгийн дээрэлхэл ба түүнээс үүдэлтэй сэтгэл зүйн хохирлыг шүүх хэрхэн үнэлэх аргачлал зэрэг 10 гаруй өгүүлэл, нийтлэл хэвлэгдлээ.

Талууд хамтын ажиллагааны хүрээнд шүүгчдийн сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих чиглэлийн дараагийн шатны сургалтыг 2026 оны 05 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ