ОРОН СУУЦ ХӨЛСЛҮҮЛЭГЧИЙГ ЗААВАЛ ӨМЧЛӨГЧ БАЙХЫГ ШААРДАХГҮЙ
2026-04-23 Админ Хандсан тоо: 5 Хуваалцах

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026.03.06-ны өдрийн, 193/ШШ2026/00386

Тоймын дугаар,огноо: №2, 2026.04.15

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Нэхэмжлэгч А хариуцагч Л-д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний төлбөрт 67,196,573 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хөлслүүлэгч А нь 2023 онд тухайн орон сууцыг барилгын компанид захиалан бариулж төлбөрийг бүрэн төлсөн боловч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй байсан. Талууд 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Орон сууц хөлслөх гэрээ”-г бичгээр байгуулсан. Орон сууц хөлслөгч Л уг орон сууц хөлслөх гэрээ байгуулахдаа барилгын компаниас зөвшөөрөл авахгүйгээр надтай гэрээ байгуулсан учраас энэ гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргасан.

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.-д Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж маргасан.

Орон сууц хөлслөх гэрээний зүйл нь хөлслүүлэгчийн өмчлөлийн зүйл байна гэж хуульд тусгайлан заагаагүй, хөлслүүлэгч нь өмчлөгч байхаас гадна тухайн орон сууцны шударга бөгөөд хууль ёсны эзэмшигч бол хэлцэл хийх эрхтэй.

Харин орон сууц хөлслүүлэгч А-гийн өмчлөх эрх нь хийсвэрлэх зарчмын хүрээнд хууль ёсоор өмчлөх эрх үүссэн байхад түүнийг бүртгэлээр баталгаажуулаагүй гэх үндэслэлээр үгүйсгэх боломжгүй. Орон сууц хөлслүүлэгч А Л-тэй орон сууц хөлслөх гэрээ байгуулахдаа барилгын компаниас зөвшөөрөл авах шаардлагагүй байна.

Иймээс шүүх А, Л нарын хооронд байгуулагдсан “Орон сууц хөлслөх гэрээ”-г хүчин төгөлдөр гэж дүгнэжээ.

 

Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/238074?daterange=2026-01-01%20-%202026-04-15&id=1&court_cat=1&bb=1

Хураангуй бэлтгэсэн: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Нямсүрэн