ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХИЙГ 6 ЖИЛИЙН ХУГАЦААГААР ХАСАЖ, ХОРИХ ЯЛ ОНОГДУУЛАХГҮЙГЭЭР 3 ЖИЛИЙН ХУГАЦААГААР ТЭНСЭЖ, АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ АВАХААР ШИЙДВЭРЛЭВ
2026-04-23 Админ Хандсан тоо: 14 Хуваалцах

Шүүхийн нэр: Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх

Шийдвэрийн дугаар: 2026.04.06 №2026/ШЦТ/164

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Шийдвэрийн тоймын огноо: 2026.04.21 №

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Иргэн Т.Э нь 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 12 цаг 30 минутын үед ...ХЭА улсын дугаартай Тoyota маркийн тээврийн хэрэгсэл жолоодон Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг Давсан бадрах гэх газар хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-р заалт буюу "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна" гэснийг зөрчиж нэг урсгалд буюу урд талд нь хөдөлгөөнд оролцож явсан хохирогч 3.П-ийн улсын дугааргүй “Даюун” маркийн тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас мотоциклоор зорчиж явсан Л.Ө-гийн амь насыг хохироосон, 3.П-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд нь Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүх хэргийг хүлээн авч, шүүгдэгч Т.Э-г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын талаар тогтоосон хэм хэмжээг санаатай зөрчихдөө түүний улмаас учирч болох хохирол хор уршгийг мэдээгүй, эсхүл гаргахгүй байх гэж өөртөө найдсан гэм буруугийн холимог хэлбэртэй, жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийг зөрчиж, нийгэмд бусдад хор уршиг учруулах явдал бөгөөд уг зөрчлийг санаатай гаргаж, харин хор уршгийг хүсээгүй байдгаараа гэм буруугийн холимог хэлбэртэй гэмт үйлдлийг ойлгохоор хуульчилсан байдаг.

Шүүхээс шүүгдэгч Т.Э-ээс хохирогчид оршуулгын зардалд 9,368,240 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А-д, эмчилгээний зардалд 3,536,073 төгрөгийг гаргуулж хохирогч З.П-д, Иргэний хариуцагч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А-ын сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 118,800,000 төгрөгийг, хохирогч З.П-ийн сэтгэцэд учирсан 18,208,080 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн ба шүүгдэгч Т.Э нь шүүхээс тогтоосон хохирлыг бүрэн төлж барагдуулсан, иргэний хариуцагч тал хохирогч З.П-д учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А-тай хохирол төлбөрт 100,000,000 төгрөг төлөхөөр тохиролцож, 30,000,000 төгрөгийг төлж барагдуулж, 70,000,000 төгрөгийг хугацаа тогтоон төлөхөөр тохиролцсон.

Шүүхээс шүүгдэгч Т.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирол, хор уршиг, хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулсан байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэсэн нөхцөл байдлыг харгалзахаас гадна хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэх тайлбар хүсэлт зэрэг бүхий л нөхцөл байдлыг харгалзан Т.Э-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн болно.

/"Тэнсэх" гэдэг нь шүүхээс хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх тодорхой хугацаа тогтоож, уг хугацаанд тухайн этгээд дахин гэмт хэрэг үйлдэхгүй байхаар хяналт тавиулах, энэ хугацаанд гэмт хэрэг үйлдвэл ял нэмэгддэг тухай ойлголт юм./

Тойм бэлтгэсэн: Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа.