ХҮҮХДЭД ОЛГОХ ТЭТГЭЛГИЙГ САР БҮР ТӨЛӨХГҮЙ БОЛ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ
2026-04-22 Админ Хандсан тоо: 8 Хуваалцах

Шүүхийн нэр: Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

Шийдвэрийн дугаар: 2026/ДШМЗ/01

Шийдвэрлэсэн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Тоймын дугаар, огноо: №1 2026.04.16

Санамж: Энэхүү хураангуй тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах, олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Иргэн М нь шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй буюу 13 сарын хугацаанд 3,221,050 төгрөг төлөхгүй хуримтлал үүсгэжээ.

Дээрх байдлаар хүүхдэд олгох тэтгэлгийг төлөөгүй, төлөхөөс зайлсхийсэн /3 сараас дээш хугацаанд төлөөгүй/ үйлдэл нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болдог буюу Зөрчлийн тухай хуульд заасан хүүхдийн эрхийг зөрчсөн зөрчилд тооцогдоно.

Эрх бүхий албан тушаалтнаас иргэн М-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээж ирүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч, иргэн М-д 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн 3,221,050 төгрөгийн төлбөрийг төлөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхээс М нь дээрх зөрчлийг үйлдсэн болох нь нотлогдсон ба тэрээр хөдөлмөрийн чадвараа 80 хувиар алдсан болох нь эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэрээр тогтоогдож байх тул түүнд хуульд зааснаар торгох шийтгэлийг сонгож оногдуулах нь үндэслэлтэй гэж дүгнэсэн хэдий ч анхан шатны шүүхийн шийтгэвэр нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж хохирогч давж заалдах гомдол гаргасан тул гомдлын зарим хэсгийг хангаж, шийтгэврийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Сар бүр олгох тэтгэлэг нь хүүхдийн наад захын хэрэгцээг хангахад чиглэдэг ба төлөхгүй хуримтлал үүсгэх нь хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд өсөн бойжих, сурч боловсрох эрхийг зөрчиж байгаа зөрчил юм. Энэ үндэслэлээр 3 сараас дээш хугацаагаар төлөөгүй тэтгэлэг төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлийг шүүх оногдуулдаг байна.

Тойм бэлтгэсэн: Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг