ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ГЭМ БУРУУГИЙН ТАЛААР МАРГАСАН ТОХИОЛДОЛД ГЭМ БУРУУГАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ГЭЖ ҮЗЭХГҮЙ
2026-04-22 Админ Хандсан тоо: 9 Хуваалцах
Шүүхийн нэр: Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шийдвэрийн дугаар: 2026/ДШМ/10
Шийдвэрлэсэн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Тоймын дугаар, огноо: №2 2026.04.16
Санамж: Энэхүү хураангуй тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах, олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Хэргийн тухай товч: Шүүгдэгч нь үргэлжилсэн үйлдлээр арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж “хүчиндэх” гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг “арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан.
Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гаргасан гомдолдоо “…бид хоёр хэн хэнийгээ хүсэн бэлгийн харилцаанд орсон. …би хүчиндээгүй, анхнаасаа надад насаа худлаа хэлсэн…” гэжээ.
Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх мэдлийн асуудал боловч уг зүйлийг хэрэглэх нь мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шударга ёсны зарчим”-тай нийцсэн байх, тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л хэрэглэж болохоор хуульчлагдсан байх ёстой хэмээн дүгнэсэн.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэгт тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн болохоо сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруу болон түүний хэлбэр, учирсан хохирол, хор уршиг, тэдгээрийн шинж чанар, хэр хэмжээ, хэргийн зүйлчлэл зэргийн талаар огт маргахгүй байхыг ойлгоно.
Гэтэл шүүгдэгч нь “…би хүчиндээгүй, бид хоёр хэн хэнийгээ хүсэн бэлгийн харилцаанд орсон” гэж мэдүүлж байгаа нь түүнийг гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа гэж үзэх үндэслэл болохгүй байна.
Иймд шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж байх тул түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэмээн дүгнэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь буруу байна. Энэ нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй нөхцөл байдалд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болно.
Тойм бэлтгэсэн: Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал