ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Монгол, Вьетнам Улсын Шүүхийн академиуд туршлага солилцох сургалт зохион байгууллаа
2026-04-22 Админ Хандсан тоо: 287 Хуваалцах
Монгол Улсын Дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академиас зохион байгуулсан туршлага солилцох сургалт 2026 оны 4 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд БНСВУ-ын нийслэл Ханой хотод амжилттай зохион байгуулагдлаа.
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи 2025 онд БНСВУ-ын Хууль зүйн яамны харьяа Шүүхийн академитай, 2026 онд Улсын дээд шүүхийн харьяа Шүүхийн академитай тус тус хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд судлаач, хуульчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, сургалт зохион байгуулах, туршлага солилцох, шинжлэх ухааны судалгаа хийх, шүүгчийг давтан сургах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой ажиллаж байна.
Туршлага солилцох сургалтад Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн Сургалтын төвийн дарга Г.Халиунаа, Мэдээллийн төвийн дарга С.Насанжаргал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюумаа, М.Цэцэгмаа, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат, Т.Гангэрэл, Х.Нямдэлгэр нар оролцов.
Төлөөлөгчид БНСВУ-ын Хууль зүйн яамны дэд сайд Нгуен Тань Тиньтэй албан уулзалт хийж, Улсын дээд шүүхийн харьяа Шүүхийн академи, БНСВУ-ын Хууль зүйн яамны харьяа Шүүхийн академи, Ханой хотын Хуульчдын холбоо, Бүсийн 4 дүгээр шүүхийн үйл ажиллагаатай танилцан, туршлага солилцлоо.
Энэ удаагийн сургалтад Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүгчид хамрагдсан бөгөөд 2027 онд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт, газар эзэмших эрхийн маргаан, шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийн асуудлаар хамтарсан цахим хэлэлцүүлэг зохион байгуулах, Вьетнамын талаас Монгол Улсын туршлагыг судлах талаар ярилцлаа.
Мөн шүүгч бэлтгэх тогтолцоо, шүүхийн цахимжилтын чиглэлээр хоёр тал дэвшилтэт туршлагаа харилцан судалж, хамтын ажиллагаагаа цаашид улам гүнзгийрүүлэхээр санал нэгдлээ.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ