ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Зээлийн гэрээгээр тохиролцоогүй бол хүү шаардах эрхгүй
2026-04-22 Админ Хандсан тоо: 13 Хуваалцах
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх, 2026.03.31-ний өдрийн №798 дугаар шүүхийн шийдвэр.
Шүүхийн шийдвэрийн тоймын дугаар, огноо: № 03, 2026.04.22
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Санамж: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба иргэд, олон нийтийг мэдээллээр хангах зорилготой.
Нэхэмжлэгч “Г” ХК нь хариуцагч Х-д холбогдуулан 2018 оны 02 сарын 23-ны өдөр байгуулагдсан кредит картын зээлийн гэрээний үүрэгт 24 295 193.33 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Х нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч зээлийн гэрээнд зээлийн хүү, хугацаа хэтрүүлсний хүү, зээлийн эрх хэтрүүлсний хүү хэд байх, хэрхэн тооцож төлөх талаар тусгагдаагүй гэх үндэслэлээр маргадаг.
Талуудын дунд “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ” байгуулагдсан байх ба Иргэний хуульд зааснаар уг зээлийн харилцаанд зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй болон хүүгүй байж болдог.
Зохигчид зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний хугацаа, зээлжих эрхийн хэмжээ, зээл олгогдсон байдлын талаар хэн алин маргаагүй, гагцхүү зээлийн гэрээгээр хүү төлөхөөр тохиролцсон эсэх, улмаар зээлийн хугацаа хэтрүүлсэн хүү, зээлийн эрх хэтрүүлсэн хүү тооцож нэхэмжлэх эрхтэй эсэх асуудлаар маргасан.
Зохигчдын дунд байгуулсан зээлийн гэрээнд хэд хэдэн төрлийн хүүгийн талаар тусгагдсан боловч гэрээнд тэдгээрийн хувь хэмжээ бичигдээгүй, хүүгийн хэмжээ хэд байх, түүнийг хэрхэн тооцож төлөх талаар тус тус тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгч, хариуцагч нарын дунд хүүгүй зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэж, хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 2 571 093 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Иймд Иргэний хуульд зааснаар гэрээний талууд гэрээ байгуулахдаа хүү төлөх талаар харилцан тохиролцоогүй бол хүү шаардах эрхгүй юм.
Тойм бэлтгэсэн: Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч О.Энхтуул.