ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Засаг даргад нэр дэвшигч нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн оршин суугч иргэн байна
2026-04-17 Админ Хандсан тоо: 7 Хуваалцах
Шүүхийн нэр: Монгол Улсын дээд шүүх Захиргааны хэргийн танхим
Шүүхийн шийдвэрийн дугаар: 2026.03.17 №001/ХТ2026/0031
Тоймын дугаар, огноо: №80 /ЗХТ 30/ 2026.04.16
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү хураангуй тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах, олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Иргэн Б-ээс Д аймгийн Ш сумын Д багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан тус хурлаас “М-ийг багийн Засаг даргад томилуулахаар уламжлах тухай” тогтоол илт хууль бус болохыг тогтоолгох, мөн уг тогтоолыг үндэслэн гарсан Ш сумын Засаг даргын “М-ийг багийн Засаг даргаар томилох тухай” захирамж болон “Б-г Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг тус тус хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хэргийн үйл баримтын тухайд, Д багийн Засаг даргад нэр дэвшигчийг тодруулахаар хуралдсан багийн иргэдийн Нийтийн Хуралд нийт 232 иргэн оролцож, нэхэмжлэгч Б нь 107 санал, нэр дэвшигч М нь 109 санал авсан. Иймд маргаан бүхий Хурлын тогтоолоор М-ийг багийн Засаг даргад томилуулахаар Ш сумын Засаг даргад уламжлахаар шийдвэрлэжээ. Гэвч тус Хуралд тухайн багийн оршин суугч биш 2 иргэн оролцож санал өгсөн, мөн нэр дэвшигч М нь өөр багийн оршин суугч болох нь тогтоогдсон байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх “... иргэдийн Нийтийн Хуралд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй төдийгүй биеэр хүрэлцэн ирснээр асуудлыг шийдвэрлэхэд таслах эрхтэйгээр оролцохоор хуульчилсан байна. Гэтэл Д багийн Хуралд өөр багийн иргэд оролцсон нь сонгуулийн үр дүнд ноцтой нөлөөлсөн байх тул иргэн М-г багийн Засаг даргаар томилуулахаар уламжилсан Хурлын тогтоол нь илт хууль бус байна. Багийн Засаг даргад нэр дэвшигч нь хуульд зааснаар “бүрэн дундаас дээш боловсролтой, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх, ялгүй байх” гэсэн 4 шаардлагыг хангах ёстой. Харин “заавал тухайн багийн сонгуулийн эрх бүхий иргэн байх”-ыг хуулиар шаардаагүй тул иргэн М нь нэр дэвших эрхтэй...” гэсэн агуулгатай дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхээс хоёр шатны шүүхийн шийдэл зөв боловч, зарим хууль зүйн дүгнэлтийг залруулах нь зүйтэй гэж үзсэн. Тодруулбал, хэдийгээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Засаг даргад нэр дэвшигч нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугч сонгуулийн эрх бүхий иргэн байхыг тухайлан заагаагүй ч, уг хуулийн агуулга, зорилгоос үзвэл, “Засаг дарга (нэр дэвшигч) нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суух иргэн байна” гэж тайлбарлахаар байна.
Учир нь, Засаг дарга нь орон нутаг дахь төрийн удирдлагыг хэрэгжүүлэгчийн хувьд харьяалах нутаг дэвсгэрийн иргэдэд өдөр тутамд төрийн үйлчилгээ хүргэх ажлыг зохион байгуулах чиг үүрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Засаг дарга өөрийн орон нутаг, иргэд, тэдэнд тулгарч буй асуудал, шийдвэрлэх арга замыг бусдаас илүү мэддэг, орон нутгийнхаа иргэдийн итгэлийг хүлээсэн, тэднийг төлөөлөх чадвартай иргэн байх, мөн Хурлын шийдвэр болон төрийн үйлчилгээг өдөр тутамд хэрэгжүүлэх боломжтой байхын тулд тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн (энэ тохиолдолд тухайн багийн) оршин суугч байх зайлшгүй шаардлагатай юм.
Ийм учраас хууль тогтоогчоос орон нутгийн анхан шатны нэгжүүдэд, тухайлбал, Засаг даргад нэр дэвшигчийн болзол хангах хүн багд хангалттай байдаггүй бодит нөхцөл байдлыг харгалзан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тухай хуулийн (Шинэчилсэн найруулга) 56 дугаар зүйлийн 56.4.1 дэх хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар “... багийн Засаг даргад бүрэн дундаас дээш боловсролтой” иргэн нэр дэвшиж болохоор өөрчилсөн байна.
Тойм бэлтгэсэн:Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч