КОМПАНИ ХОЛБОГДОХ БАРИМТЫГ ӨӨРӨӨ ЭХЭЛЖ БҮРДҮҮЛЭХ БАЙЖЭЭ
2026-04-15 Админ Хандсан тоо: 28 Хуваалцах

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 112/ШШ2026/0002

Тоймын огноо, дугаар: 2026 оны 04 дүгээр сарын 06, Дугаар 03

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: Энэхүү тойм нь зөвхөн шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно .

А компани нь сумын төвийн дулаан эрчим хүч хэрэглэгчийн 80 гаруй хувийг дулааны эрчим хүчээр хангах үйлчилгээ эрхэлдэг байна. Улмаар Засаг даргад хандаж, Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн дагуу хамгаалалтын зурвасын хэмжээг баталгаажуулах хүсэлт гаргажээ.

Засаг дарга хүсэлтийг шийдвэрлээгүй, хариу өгөөгүй тул захиргааны шүүхэд хандаж, асуудлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хамгаалалтын зурвас тогтоосон захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэл гаргав.

Шүүх нэхэмжлэлийг хангаагүй.

Учир нь: нэхэмжлэгч компанийн зүгээс ганцхан хүсэлт явуулснаар уг асуудлыг Засаг дарга шийдвэрлэх боломжгүй. Тодруулбал: “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-д зааснаар тухайн эрчим хүчний шугам сүлжээг эзэмшигч нь шугам сүлжээний хамгаалалтын зурвасын байршлын зураглалыг хийх үүрэгтэй бөгөөд аймгийн Засаг дарга эрчим хүчний шугам сүлжээ эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн хүсэлт, эрчим хүчний шугам сүлжээний зурвасын зураглалыг үндэслэн Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу хамгаалалтын зурвасын хэмжээг баталгаажуулж тогтоохоор байна.

Энэ тохиолдолд А компани шугам сүлжээний хамгаалалтын зурвасын байршил зураглалыг хийгээгүй, мэргэжлийн байгууллагаар хянуулаагүй байх тул Засаг даргыг буруутгах үндэслэлгүй.

Тойм бэлтгэсэн: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах

https://court.go.gov.mn/site/decision_full/28