Сургалтын хөтөлбөрийн хорооны хурлаар Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийн шүүгч нарт зориулсан сургалтын багц хөтөлбөрийг батлахаар дэмжлээ
2026-04-10 Админ Хандсан тоо: 292 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн Сургалтын хөтөлбөрийн хорооны ээлжит хуралдаан 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр боллоо.

Хуралдаанаар 2026 онд эрүү болон иргэний эрх зүйн чиглэлээр зохион байгуулагдах сургалтын хөтөлбөрүүдийг Улсын дээд шүүхийн шүүгч, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Н.Баярмаа нар танилцуулж, гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ.

Тухайлбал, эрүүгийн эрх зүйн чиглэлээр “Нээлттэй шүүх хуралдааны үед хувь хүний нууц, эмзэг мэдээллийг хамгаалах нь”, “Өмчлөх эрхийн эсрэг зарим гэмт хэргүүдийн ойлголт, төсөөтэй гэмт хэргээс ялган зүйлчлэх асуудал”, иргэний эрх зүйн чиглэлээр “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь цахимжилтийн асуудал”, “Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаалах нь” зэрэг сэдэвт сургалтын хөтөлбөрүүдийг хэлэлцэн дэмжив.

Мөн Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн “Гэр бүлийн хүчирхийлэл болон өсвөр насны хүний үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаа: зарчим, хандлага, анхаарах асуудлууд” сэдэвт сургалтын хөтөлбөрийг танилцуулж, гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдлээ.

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг “Гэр бүлийн эрх зүй /гэрлэлт цуцлалт, асрамж, хүүхдийн тэтгэлэг, үрчлэлт/”, “Шүүгчийн сэтгэл зүй ба танин мэдэхүйн хөгжлийг дэмжих сургалт” сэдэвт хөтөлбөрүүдийг танилцуулж, гишүүд санал нэгтэй дэмжсэн юм.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ