ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
САНАЛ ХУРААЛТЫН ЯВЦАД ГАРСАН ЗӨРЧИЛ НЬ ЗАСАГ ДАРГАД НЭР ДЭВШИГЧДИЙН САНАЛЫН ДҮНД НӨЛӨӨЛӨХӨӨР БОЛ САНАЛ ХУРААЛТЫГ ХҮЧИНГҮЙД ТООЦНО
2026-04-08 Админ Хандсан тоо: 23 Хуваалцах
Шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 118/ШШ2026/0001
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Тоймын дугаар, огноо: №01 2026 оны 03 дугаар сарын 04
Санамж: Энэ хураангуй нь зөвхөн шүүхийн шийдвэрийг тоймлон олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой тул бүрэн гүйцэд шүүхийн шийдвэрийг орлохгүй.
Т сумын У багийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдаанаар багийн Засаг даргыг сонгох асуудлыг хэлэлцжээ.
Санал хураалтын дүнгээр нэр дэвшигч Л /нэхэмжлэгч/ 225, нэр дэвшигч Г /гуравдагч этгээд/ 230 санал тус тус авсан байх ба дээрх өдрийн 06 дугаар тогтоолоор Г-ыг багийн Засаг даргаар сонгож, томилуулахаар сумын Засаг даргад өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Л уг тогтоолыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулах, багийн Засаг даргын сонгуулийг хууль бус болохыг тогтоолгох, дахин сонгууль явуулахыг багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч “...багийн Засаг даргын сонгуулийг хууль бусаар явуулсан, санал хураалтад оролцсон иргэдийн тоо саналын хайрцгаас гарсан нийт саналын хуудасны тооноос зөрүүтэй, тухайн багийн харьяалалгүй иргэдийг санал хураалтад оролцуулсан нь саналын дүнд нөлөөлсөн...” гэх зэргээр маргасан.
Шүүх нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
1. У багийн Засаг даргыг сонгох санал хураалтад оролцох иргэдийг тухайн багийн харьяалал бүхий иргэн мөн эсэхийг нэг бүрчлэн тэгш байдлаар нягтлан шалгаагүй.
2. Санал хураалтад оролцсон гэх иргэдийн тоо саналын хайрцгаас гарсан нийт саналын хуудасны тооноос зургаагаар илүү.
3. Санал хураалтад оролцсон 2 иргэн өөр багийн харьяалалтай, мөн санал өгснөөр нэрсийн жагсаалтад бичигдсэн 2 иргэн санал хураалтад оролцоогүй, нэг иргэнд саналын хуудсыг давхардуулж олгосон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогдсон.
Тодруулбал, санал хураалтын явцад гарсан эдгээр зөрчил нь 5 саналын зөрүүтэй санал авсан нэр дэвшигч Л, Г нарын саналын дүнд нөлөөлөхөөр байна гэж үзэж, нэхэмжлэгчийн сонгогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг даргын сонгуулийг хууль бус болохыг тогтоож, дахин сонгууль явуулахыг хариуцагчид даалгасан.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/20269?daterange=2026-01-01%20-%202026-04-07&id=1&court_cat=3&bb=1
Тойм бичсэн: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг