ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Барьцааны хөрөнгийг шилжүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсонд тооцно
2026-04-06 Админ Хандсан тоо: 18 Хуваалцах
Шийдвэрийн огноо, дугаар: 2025 оны 11 сарын 14 320/2025/01477/и
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Шийдвэрийн тоймын дугаар, огноо: 01, 2026.03.20
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нэхэмжлэгч “Х ББСБ” ХХК нь хариуцагч Т.Ө, Г.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 19,788,462 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ…2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр автомашин барьцаалсан зээлийн гэрээ байгуулан, 20,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2.9 хувийн хүүтэй зээл авсан бөгөөд Prius-30 маркийн автомашиныг барьцаанд тавьж, фидуцийн гэрээ байгуулсан. Зээлдэгч нар зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул нийт 19,788,462 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.
Хариуцагч нар зээлийн барьцаанд тавьсан автомашиныг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч байгууллагад шилжүүлэн өгсөн бөгөөд уг автомашин фидуцийн гэрээний зүйл байсан тул үүрэг хангагдсан, дахин мөнгө нэхэмжлэх үндэслэлгүй гэж маргасан.
Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээ, мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх (фидуцийн) гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу автомашины өмчлөх эрхийг нэхэмжлэгч байгууллагад шилжүүлсэн, 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр автомашиныг нэхэмжлэгч бодитоор эзэмшилдээ авсан болох нь тогтоогдсон.
Фидуцийн гэрээний дагуу автомашиныг зээлийн үүргийн баталгаа болгон нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн тул зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн