Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 392 дугаар шийтгэх тогтоол
2026-04-06 Админ Хандсан тоо: 18 Хуваалцах

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 392 дугаар шийтгэх тогтоол

Тоймын дугаар, огноо: №2026/01

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зааснаар яллах дүгнэлт үйлдэж Г.Б-г шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан.

Шүүгдэгч Г.Б-д Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хавтаст хэрэгт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга буюу 3 ба түүнээс дээш удаа зодсон үйлдэл тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Иймд шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос https://shuukh.mn/single_case/128172?daterange=2025-01-01%20-%202026-02-04&id=1&court_cat=2&bb=1

 

Тойм бэлтгэсэн: Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар