ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн хуулийн төслийн ажлын хэсэг болон тус шүүхэд ажиллах шүүгчийн мэргэшүүлэх сургалт хариуцсан хамтарсан баг Канад улсад ажиллав
2026-03-31 Админ Хандсан тоо: 151 Хуваалцах
Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх болон Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийг байгуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан шинээр байгуулагдах дагнасан шүүхийн үйл ажиллагааны загвар, бүтцийг олон улсын сайн туршлагад тулгуурлан боловсруулах зорилгоор Канад Улсын туршлагыг судлах арга хэмжээ боллоо.
Энэхүү арга хэмжээ Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO) болон Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй “Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь (2025–2030)” төслийн дэмжлэгтэйгээр 2026 оны 3 дугаар сарын 23-наас 27-ны өдрүүдэд Канад Улсын Онтарио мужийн Торонто хотноо зохион байгуулагдав.
Тус арга хэмжээнд хуулийн төсөл болон шүүгчийн мэргэшүүлэх сургалтыг хариуцан ажиллаж буй УИХ, Улсын дээд шүүх, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яамны төлөөлөл оролцлоо.
Төлөөлөгчид Онтарио мужийн Гэр бүл, насанд хүрээгүй хүний хэрэг болон Гэр бүлийн хүчирхийллийн хэргийг дагнан шийдвэрлэдэг шүүхүүдийн бүтэц, зохион байгуулалт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог болон салбар дундын хамтын ажиллагааны талаар туршлага судаллаа. Мөн шүүгч болон шүүхийн захиргааны албан хаагчдыг мэргэшүүлэхээс гадна шүүхийн байр, шүүх хуралдааны танхимд хүүхэд болон хохирогчийн аюулгүй байдлыг хангах шийдэлтэй танилцав.
Канад улсын Онтариа мужийн шүүхүүд нь гэр бүлийн болон гэр бүлийн хүчирхийллийн хэргийг шийдвэрлэх дагнасан болон холимог загварыг амжилттай хэрэгжүүлж ирсэн туршлагатай юм. Тус шүүх нь нэг шүүгч-нэг гэр бүл гэсэн загвартай бөгөөд гэр бүлийн болон эрүүгийн хэргийг нэг шүүгч хянан шийдвэрлэснээр хууль хэрэглээний тэнцвэртэй байдлыг ханган олон талын мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргах боломжтой болдог байна.
Мөн энэ үеэр Онтарио мужийн Дээд шүүх, Ерөнхий Прокурорын Яам, Хүүхдэд өмгөөлөл үзүүлэх хэлтэс болон гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид эрх зүйн туслалцаа үзүүлдэг төрийн бус байгууллагуудтай албан ёсны уулзалтууд хийж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ