ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Төв аймагт шүүх байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Гавьяат хуульч Ч.Доржгочоо, М.Могноон нарын нэрэмжит “Шилдэг илтгэл” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
2026-03-27 Админ Хандсан тоо: 226 Хуваалцах
Төв аймагт шүүх байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Гавьяат хуульч Ч.Доржгочоо, М.Могноон нарын нэрэмжит “Шилдэг илтгэл” шалгаруулах уралдааны шагнал гардуулах ёслол 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдлаа.
Ёслолын арга хэмжээг нээж Төв аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс үг хэлэв.
Мөн Шилдэг илтгэлийн уралдааныг дүгнэсэн шүүгч нарын бүрэлдэхүүнийг төлөөлж Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Д.Цолмон үг хэлж, оролцогчдод баяр хүргэж, амжилт хүсэв.

Уралдааны шагналыг Гавьяат хуульчдын залгамж халаа болон шүүхийн салбарт зүтгэж буй үр хүүхдүүд нь гардуулан өгөв. Тухайлбал, Шүүхийн сахилгын хорооны гишүүн, Гавьяат хуульч Ч.Доржгочоо гуайн охин Д.Ариунтуяа болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Гавьяат хуульч М.Могноонын охин М.Цэцэгмаа нар оролцож, шилдэг илтгэгчдэд шагнал гардуулан, амжилт хүсэв.


Уралдааны Судлаачийн ангилал болон Оюутны ангилалд нийт 29 илтгэлийг ирүүлсэн юм. Тэргүүн байр эзэлсэн оролцогчид өөрсдийн илтгэлийн гол шийдэл, Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн тогтолцоонд дэвшүүлж буй шинэлэг санаагаа танилцуулж, үг хэлсэн юм.
Судлаачийн ангилалд:
1. Г.Болормаа /ДХИС-ийн магистрант, Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч/, “Хамтран амьдрагчдын эд хөрөнгийн эрх зүйн зохицуулалт, шүүхийн практик” сэдвээр;
2. Г.Билгүүн, Х.Буянбат /ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн секторын ажилтан, ахлах ажилтан/, “Өсвөр насны хүнд оногдуулах эрүүгийн хариуцлага ба хорихоос өөр төрлийн хариуцлага: ХБНГУ-ын JGG-ийн загварт тулгуурласан De Lege Ferende хувилбар” сэдвээр;
3. Ц.Энхтуул / “Тус сольюшн” ХХК-ийн хуулийн мэргэжилтэн/ “Гэр бүлийн холбогдолтой маргаан хянан шийдвэрлэх ажиллагаан дахь “шинжээч”-ийн эрх зүйн байдал: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай болон шүүх шинжилгээний тухай хуультай үүсэх зөрчил, түүнийг шийдвэрлэх нь сэдвээр тус тус шалгарав.


Оюутны ангилалд:
1. Б.Мөнхжин, Т.Сарнай /МУИС-ийн Хууль зүйн сургуулийн V түвшний оюутан/ “Гэр бүлээс гадуурх харилцаанаас үүсэх гэрлэлт цуцлалт болон сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;
2. Т.Анужин, Э.Жавзмаа /МУИС-ийн Хууль зүйн сургуулийн IV түвшний оюутан/ “Гэр бүлийн эрх зүйн харилцаа, түүний зохицуулалтыг боловсронгуй болгох нь” /Гэр бүлийн тухай хууль болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн өргөн мэдүүлсэн төслийн шүүмж/
3. Б.Оюунтунгалаг /МУИС-ийн Хууль зүйн сургуулийн V түвшний оюутан/ “Гэрлэлт цуцлахтай холбоотой хүүхдийн асрамжийг тогтоох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь” сэдвээр тус тус шалгарлаа.



Энэхүү арга хэмжээг Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи хамтран зохион байгуулсан бөгөөд шалгарсан илтгэлүүдийг “Монголын шүүх, эрх зүй судлал” сэтгүүлд хянан магадалгаагаар зөвшөөрөгдсөн тохиолдолд хэвлэх юм. Арга хэмжээг Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн хааж, оролцогчдын цаашдын сурлага, хөдөлмөрт амжилт хүсэв.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ