ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
“Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн аюултай хог хаягдлыг тээвэрлэх, дахин боловсруулах, устгах эрхийг хасаж, хохиролд 1,234,742,126 төгрөгийг гаргуулав
2026-03-24 Админ Хандсан тоо: 22 Хуваалцах
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх, 2025.06.10-ны өдрийн № 2025/ШЦТ/174 шийтгэх тогтоол
Шүүхийн шийдвэрийн тоймын дугаар, огноо: № 02, 2026.03.19
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 20.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн бол “Петрочайна Дачин Тамсаг” ХХК нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг эс зөвшөөрч “Гэмт хэргийн шинжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх хүсэлтийг шүүхэд гаргаж мэтгэлцсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.9 дүгээр зүйлд заасан “Байгалийн тэнцэл алдагдуулах” гэмт хэрэг гэдэгт байгаль орчин, түүний нөөц баялгийг ашиглаж олборлохдоо аливаа амьтны аймаг, ургамлын төрөл зүйлийг байгалийн зохицолдлогоо жамаараа урган цэцэглэх, өсөн үржих, нөхөн сэргэх явцыг алдагдуулж, зөвшөөрөлгүйгээр гэмтээсэн, устгасан, газар, газрын хэвлий, агаар мандал, усны нөөцийг хордуулсан, бусад хэлбэрээр зүй бусаар харьцсан экологийн тогтолцоог алдагдуулсан санаатай үйлдлийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлд заасан аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях гэмт хэрэг гэдэгт гэдэгт хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг зориулалтын бус газар, эсхүл төвлөрсөн хог хаягдлын цэгт хаясан, хог хаягдлын зэрэглэлийг санаатайгаар буруу тогтоож зориулалтын бус газар хаясан, устгасан, улсын хилээр нэвтрүүлсэн үйлдлийг тус тус хэлэх бөгөөд зориулалтын бус газар хаясан гэж Хог хаягдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн стандартыг зөрчсөн, энгийн хог хаягдлын цэгт хаясан, химийн болон аюултай бодис тэдгээрийн хаягдлыг хоргүй ба аюулгүй болгож зайлуулахгүй байхыг ойлгохоор хуульчилжээ.
Монгол Улсын Засгийн газар 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Аюултай хог хаягдал”-ын жагсаалтыг баталсан бөгөөд уг жагсаалтын 05.01-д “Газрын тосны боловсруулалтын хаягдал буюу асгарсан тостой хөрс шороо”-г оруулсан байхаас гадна Монгол Улсын Засгийн газрын мөн өдөр баталсан 116 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын “Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах болон бүртгэх, тайлагнах журам”-ын 2.3-д “Аюултай хог хаягдал үүсгэгч нь Хог хаягдлын тухай хуульд зааснаас гадна өөрийн үйл ажиллагаанаас үүссэн аюултай хог хаягдлаа устгах тохиолдолд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авах, өөрийн үйл ажиллагаанаас үүсэх хог хаягдлаа устгах болон дахин боловсруулах боломжгүй тохиолдолд аюултай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, устгах, дахин боловсруулах, экспортлох зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллагад шилжүүлэх үүрэг хүлээнэ” гэж заасан байна.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийг 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн компанид олгогдсон тусгай зөвшөөрөлтэй газрын тосны хайгуул хийх, олборлох, тээвэрлэх, боловсруулах, экспорт импортын үйл ажиллагаагаа явуулахдаа Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших газрын тосны гэрээт 21 дүгээр талбайгаас Тосон-Уул, Баянхошуу боомт чиглэлийн авто замтай холбогдох 58,5 километр урттай асфальтан авто зам барих үүргээ хэрэгжүүлэхгүйгээр, хүнд даацын тээврийн хэрэгслээр өөрийн компанийн бүтээгдэхүүнийг ердийн хөрсөн замаар тээвэрлэлт явуулсны улмаас Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт 80 гаран метр өргөнтэй, 58,5 метр урттай, 8-20 салаа бүхий олон салаа зам бий болгосноор хөрсний доройтол үүсгэж, тухайн олон салаа зам гаргасан газарт хээрийн бүсийн ургамал буюу олон наст, хүмүүнлэг ургамал ургахгүй болж, тоосжилт, орчны бохирдлыг ихээр үүсгэснээр экологийн тогтолцоог алдагдуулж, байгаль орчинд 4,433,922 м2 буюу 443.39 га талбайд эвдрэл үүсгэж нийт 2,197,656,374 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
мөн “Петротест” ХХК-ийн биологийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хугацаа нь сунгагдаагүй, үйл ажиллагаа нь дуусгавар болсон, газрын тосоор бохирлогдсон хөрсийг цэвэршүүлэхгүй байгааг шүүгдэгч “Петрочайна Дачин Тамсаг” ХХК нь мэдсээр байж тухайн компанийн хашаанд аюултай хог хаягдал буюу газрын тостой хөрс шороог 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд тээврийн хэрэгслээр зөөвөрлөн асгаж байсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг зааснаар 150,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 50,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 200,000,000 төгрөгөөр тогтоож, “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн аюултай хог хаягдлыг тээвэрлэх, дахин боловсруулах, устгах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэжээ.
Мөн шүүгдэгч хуулийн этгээдээс байгаль орчинд учруулсан хохиролд нийт 2,203,142,126 төгрөгийг гаргуулахаас шүүгдэгч “Петрочайна Дачин Тамсаг” ХХК нь Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд хийсэн нөхөн сэргээх ажлын өртөг 968,400,000 төгрөгийг хасаж байгаль орчинд учруулсан хохиролд 1,234,742,126 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн орлого болгохоор тогтоосон байна.
Тоймыг бэлтгэсэн: Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Пагма