ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх судалгааны хэлэлцүүлэг боллоо
2026-03-19 Админ Хандсан тоо: 146 Хуваалцах
Монгол Улсад хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд "Нөхцөл байдал болон сургалтын хэрэгцээ шаардлага тодорхойлох судалгаа"-ны урьдчилсан танилцуулга, хэлэлцүүлэг өнөөдөр (2026.03.19) зохион байгуулагдлаа. Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын Мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах олон улсын товчоо (INL)-ны санхүүжилтээр хэрэгжиж буй уг төслийг АНУ-ын Өмнөд Каролина мужийн их сургуулийн "Хуульт ёсны хамтрал" байгууллага, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи, Улсын ерөнхий прокурорын газар болон Экологийн цагдаагийн алба, Азийн сантай хамтран хэрэгжүүлж байна. Тус төсөл нь эрх зүйн орчныг боловсронгуй болгох, албан хаагчдыг чадавхжуулах, гэмт хэргийг илрүүлэх техник хэрэгслийг сайжруулах гэсэн үндсэн гурван чиглэлд төвлөрч байгаа юм.

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн судалгааны төвийн Эрүүгийн эрх зүйн секторын эрхлэгч Э.Баасанбямба шүүгчдийн дунд явуулсан асуумжид үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, 24.5 дугаар зүйлд заасан хууль бусаар ан агнах гэмт хэрэг, 24.6 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн зүйлчлэл, хууль хэрэглээний ур чадварыг дээшлүүлэх, хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх, нотлох баримтыг үнэлэх болон шүүхийн шийдвэр боловсруулах арга зүй зэрэг сургалт шаардлагатай байгааг онцлов.

Мөн Нийслэлийн прокурорын газрын Зөрчил, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Сансарсайхан болон Экологийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Хосбаяр нар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн шийдвэрлэлтийн байдал, дээрх төрлийн гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгахад тулгарч буй хүндрэл бэрхшээлийг тодорхойлсон судалгааны үр дүнгээ танилцуулав.

Төслийн хүрээнд ирэх зургаадугаар сард прокурор, цагдаагийн албан хаагчдад зориулсан бүсчилсэн сургалтуудыг эхлүүлнэ. Сургалтыг тухайн бүс нутагт зонхилон үйлдэгдэж буй гэмт хэргийн гаралттай холбогдуулан урьдчилан сэргийлэх, илрүүлэх арга зүйд чиглүүлэн зохион байгуулж, тусгай гарын авлагаар хангах юм. Түүнчлэн шүүгчдийг чадавхжуулах сургалтыг Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академиас шат дараатай зохион байгуулна.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ