ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
АНУ-ын Конгрессын Олон улсын манлайллын албаны /COIL/ сургалт, хөтөлбөрт шүүгчид хамрагдав
2026-03-17 Админ Хандсан тоо: 100 Хуваалцах
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Иргэний танхимын шүүгч Х.Эрдэнэсувд, Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, Монгол улс дахь АНУ-ын ЭСЯ-ны Улс төрийн мэргэжилтэн М.Номинцэцэг тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Конгрессын Олон улсын манлайллын албаны сургалт, хөтөлбөрт 2026 оны 3 дугаар сарын 1-нээс 13-ны өдрүүдэд хамрагдлаа.
Улсын дээд шүүх болон Шүүхийн сургалт судалгаа мэдээллийн академи АНУ-ын Конгрессын Олон улсын манлайллын алба /COIL/-тай 2025 оны 06-р сард “Шүүхийн хараат бус байдал ба цахимжилт” олон улсын хурлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж мөн оны 10-р сарын 15-ны өдөр АНУ-ын Вашингтон хотноо хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм. Энэхүү санамж бичгийн хүрээнд Улсын дээд шүүхийн Эрүү болон Иргэний танхимын нийт 11 шүүгч энэ удаагийн сургалт, хөтөлбөрт хамрагдав.

Энэ хүрээнд АНУ-ын Вашингтон, Сакраменто болон Бэйкерсфилд хотуудын хууль, шүүхийн байгууллагуудаар зочлон, шүүхийн шинэтгэлийг эрдэм шинжилгээ, сургалт, арга зүйгээр хангах чиглэлд туршлага судаллаа.
Мөн Бэйкерсфилд дэх Гэр бүлийн шударга ёсны төв болон хүүхэд хамгааллын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үеэр гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргийн хохирогчийг дэмжих олон талт загварыг судлав. Ялангуяа хүүхэд хамгааллын хэрэгт хуульч бус боловч тусгайлан бэлтгэгдсэн сайн дурын ажилтан ажиллуулдаг /CASA-гийн/ тогтолцоо нь шүүгчид шийдвэр гаргахад бодит дэмжлэг болж, хүүхдийн эрх ашгийг хамгаалдаг зэрэг сайн туршлагатай танилцав.
Шүүхийн бие даасан байдал, санхүүгийн менежментийн хүрээнд Калифорни мужийн Шүүхийн зөвлөлийн Төсвийн албаны төлөөлөлтэй уулзаж, шүүхийн төсвийн төлөвлөлт, хараат бус байдлыг хангах арга туршлагын талаар санал солилцлоо.
Насанд хүрээгүйчүүдийг нийгэмшүүлэх чиглэлээр "Кэмп Эрвин Оуэн" болон "Керн Кроссроудс" засан хүмүүжүүлэх төвүүдэд ажиллаж, өсвөр насны хүүхдүүдийн зан үйлийг засах, боловсрол олгох тусгай хөтөлбөрүүдтэй танилцсан байна.
Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгчийн ёс зүйг чанд баримтлах, шүүхийн ил тод байдлыг хангах замаар олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, эвлэрүүлэн зуучлал, өөрийгөө өмгөөлж буй талуудад зориулсан үйлчилгээ зэрэг АНУ-ын сайн туршлагуудыг Монгол Улсын шүүхийн сургалт, судалгааны ажилд нутагшуулах чиглэлээр мэдээлэл солилцлоо.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ