ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ТАНХАЙРСАН ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ
2026-03-13 Админ Хандсан тоо: 17 Хуваалцах
Шийдвэрийн дугаар: 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр №57
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Шийдвэрийн тойм: №3
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.
Цагдаагийн газраас насанд хүрээгүй холбогдогч Ү.Н, Э.Н, С.М нарыг олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэн танхайрсан, мөн бие биеийнхээ биед гэмтэл учруулахгүйгээр халдсан зөрчилд шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авхуулах саналтай зөрчлийн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүхээс Э.Н, С.М нарыг бүлэглэн Ү.Н-ийн эсрэг, Ү.Н нь Э.Н, С.М нарын эсрэг харилцан танхайрсан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гурвуулыг нь 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянаж үзээд, насанд хүрээгүй зөрчилд холбогдогч Э.Н, С.М нарын үйлдэл нь танхайрсан зөрчил мөн байна гэж үзэж, тэдэнд торгох шийтгэл оногдуулсан хэсгийг хэвээр үлдээв.
Харин Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.1 дэх хэсэгт зааснаар Ү.Н-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Учир нь, Ү.Н нь Э.Н, С.М нарыг өдөж хоргоогоогүй, тэдний эрх ашигт харшлах үйлдэл хийгээгүй ба Э.Н, С.М нар нь Ү.Н-тэй зохисгүй байдалтайгаар ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, хараалын үг хэрэглэн доромжилж, өдөөн хоргоосон үйлдэлд нь Ү.Н өөрийгөө хамгаалан хариу үйлдэл хийхдээ зууралдан үсдэлцсэн зэрэг нь танхайрах зөрчлийн шинжийг хангахгүй байна гэж үзэж, Ү.Н-д холбогдуулан үүсгэсэн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Тойм бичсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат