Шүүгч А.Сарангэрэл: Энэ мэргэжил нь өндөр хариуцлага, шударга ёсны төлөөх тууштай байдлыг шаарддаг
2026-03-11 Админ Хандсан тоо: 161 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академиас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл, Б.Адъяасүрэн нарыг Швейцарын Холбооны Улсын Женев хотноо 2025 оны 10 дугаар сард Дэлхийн Оюуны Өмч байгууллага (WIPO)-аас зохион байгуулсан Оюуны өмчийн шүүгчдийн форумд нэр дэвшүүлэн оролцуулсан билээ.

Улмаар шүүгч А.Сарангэрэлийг Дэлхийн Оюуны өмчийн байгууллагаас  Дэлхийн эмэгтэй шүүгчдийн өдөрт зориулан ярилцлага өгч, туршлагаа хуваалцах шүүгчдийн нэгээр нэр дэвшүүлэн, дэлхийн өнцөг булан бүрд суугаа мэргэжил нэгтнүүддээ үзэл бодлоо хуваалцах боломжоор ханган ажиллалаа.

Шүүхийн академи Дэлхийн Оюуны өмчийн байгууллагатай хамтран 2024, 2025 онд шүүгчдэд зориулсан оюуны өмчийн анхан шатны алсын зайн сургалтыг зохион байгуулсан бөгөөд Монгол Улсаас нийт 88 шүүгч хамрагдаад байна.

2026 оны ээлжит сургалтыг ирэх 5-7 дугаар сард цахимаар, ахисан шатны сургалтыг  09 дүгээр сард  Монгол Улсад танхимаар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Шүүгчид та бүхнийг энэхүү сургалтад идэвхтэй хамрагдахыг уриалан ярилцлагыг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байгааг хүлээн авна уу.

Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага (WIPO) Олон улсын эмэгтэй шүүгчдийн өдрийг тэмдэглэж байна: Эмэгтэй шүүгчид өөрсдийн туулсан замнал, оюуны өмч тэдний хувьд ямар утга учиртай болох болон хойч үеийнхэндээ өгөх зөвлөгөөгөө хуваалцлаа

2026 оны 3 дугаар сарын 10

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 2022 оноос эхлэн 3 дугаар сарын 10-ны өдрийг Олон улсын эмэгтэй шүүгчдийн өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлснээр НҮБ нь шүүх засаглалын бүх шатанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд тулгарч буй сорилтууд болон гаргасан ахиц дэвшлийг хүлээн зөвшөөрөх, улмаар ирээдүй хойч үедээ урам зориг өгөхийг зорьдог.

Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага (WIPO) өөрийн Шүүхийн хүрээлэнгээрээ дамжуулан өөрийн улс орон төдийгүй дэлхийн хэмжээнд оюуны өмчийн маргааныг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй эмэгтэй шүүгчидтэй хамтран ажилладаг. WIPO энэхүү өдрийг тохиолдуулан тэдний төлөөлөл болсон шүүгчдийн түүхийг онцлон хүргэж байна.

Александр овогтой Сарангэрэл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Монгол Улс, Улаанбаатар хот

-Таныг шүүгч болоход юу нөлөөлсөн бэ? Энэхүү зорилгоо биелүүлэхэд таны гаргасан гол шийдвэр, юуг эрэлхийлж байв?

-Хуулийн салбарт ажиллах хүсэл минь зургаан настай байхад эмээ маань хуулийн төсөл боловсруулдаг мэргэжил нэгт нөхөдтэйгөө уулзах үед анх төрж байлаа. Энэхүү мөрөөдлөө дагаж 1996 онд хуулийн сургуулиа төгссөн. Ажлын гараагаа эхэлж байх үед шинэ ардчилсан Үндсэн хуульд нийцүүлэн таван хуулийн төслийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар Хууль зүйн дэд сайдын тушаалаар томилогдож байв. Туршлага бага байсан ч энэ нь асар их хариуцлага, хичээл зүтгэл шаардаж байсан. Дээд шүүхийн хэд хэдэн шүүгчид манай ажлын хэсэгт багтсан бөгөөд тэдэнтэй хамтран ажиллах нь шүүх засаглалыг гүнзгий ойлгох боломжийг олгосон. Энэ явцад шүүгч болох нь хуульчийн карьерын оргил гэдгийг, мөн хүний эрхийг хамгаалахад хуульчийн гүйцэтгэх үүрэг ямар чухал болохыг ойлгосон юм.

Манай ажлын хэсгийн боловсруулсан хуулийн төслүүд 2002 онд УИХ-аар хэлэлцэгдэж, батлагдсан бөгөөд эдгээр шинэ хуулийн зарчим, үзэл баримтлал амьдрал дээр, тэр дундаа шүүхийн танхимд хэрхэн хэрэгжих бол гэсэн сониуч зан маань намайг хөтөлсөн. Энэ сонирхолдоо хөтлөгдөн Австрали улсад магистрын зэрэг хамгаалж, тууштай бэлдсэний эцэст шүүгчийн шалгалтад тэнцэн 2014 онд Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр томилогдсон юм.

-Таныг шүүгчийн ажлаа өдөр бүр тасралтгүй үргэлжлүүлэхэд юу хамгийн их урам зориг болдог вэ?

-Монгол Улсын Захиргааны хэргийн шүүгчид олон талт, ээдрээтэй маргаануудыг шийдвэрлэдэг бөгөөд өдөр бүр шинэ сорилтууд тулгарч байдаг. Асуудлын язгуур шалтгааныг олж тогтоох, хэрэг бүр нь хүмүүсийн амьдралд бодит өөрчлөлт авчрах боломж гэдгийг мэдэх нь надад гүн сэтгэл ханамж өгдөг. Хэрэг болгон өөр өөрийн гэсэн онцлогтой бөгөөд энэ олон талт байдал нь амьдралын баялаг чанарыг байнга харуулж байдаг. Эх газрын эрх зүйн тогтолцоонд суурилсан Монгол Улсын хууль, тогтоомж нь шүүгч хүнд нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлээд зогсохгүй хуулийг шударгаар хэрэглэх, хүний эрхийг хамгаалах нэн чухал хариуцлагыг хүлээлгэдэг. Миний өдөр тутмын хүчин зүтгэл шударга ёсыг хамгаалах, хүний нэр төрийг хадгалах, нийгэмд шударга ёсыг тогтооход бага ч атугай хувь нэмэр болдог гэдгийг мэдэх нь намайг өдөр бүр хурцалдаг.

-Шүүгч болохоор эрмэлзэж буй эмэгтэйчүүд ирээдүйд амжилтад хүрэхийн тулд ямар гурван чанарыг хөгжүүлэх хэрэгтэй вэ?

-Шүүгч-багш хүний хувьд ирээдүйн эмэгтэй шүүгчдэдээ гурван гол зөвлөгөөг өгье.

  1. Эерэг бөгөөд ёс зүйтэй хандлага: Ёс зүйтэй шүүгч болохын тулд эерэг сэтгэлгээг төлөвшүүлэх ёстой. Хэрэв шүүгч хувийн ёс зүйн асуудалтай эсвэл сөрөг хандлага, өрөөсгөл үзэлтэй бол үүргээ чандлан гүйцэтгэх боломжгүй.
  2. Хариуцлага ба өөрийгөө хөгжүүлэх: Энэ мэргэжил нь өндөр хариуцлага, шударга ёсны төлөөх тууштай байдлыг шаарддаг. Өөрийн үг хэл, үйлдэл бүрийг хянаж, мэргэжлийн болон хувь хүний хөгжилдөө тасралтгүй анхаарах хэрэгтэй. Эмэгтэй шүүгчдийн хувьд эх хүн байх, гэр бүлийн үүрэг хариуцлага болон найз нөхдийн харилцааг тэнцвэржүүлэх нь маш чухал. Тиймээс эрүүл дадал хэвшил бүхий өдөр тутмын дэглэм тогтоох нь ажил, амьдралаа тэнцвэржүүлэхэд тусална.
  3. Хүсэл мөрөөдөл ба утга учир: Хэрэв та шүүгчийн ажлаа өөрийн хүсэл тэмүүлэл, мөрөөдөлдөө хөтлөгдөн хийж буй хэрэг гэж харж, нийгэмд гүйцэтгэж буй үүргийнхээ ач холбогдлыг ухамсарлаж чадвал ажил тань таны өдөр тутмын ажил сэтгэл ханамжийн эх үүсвэр болох болно.

- Та оюуны өмчийн салбарыг яагаад сонирхох болсон бэ, чухамхүү яагаад энэ чиглэлээр ажиллах болов?

-Би Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажиллаж байхдаа зохиогчийн эрх болон патентын хуулийн төсөл боловсруулах ажилд оролцсоноор оюуны өмчийн эрх зүйг сонирхож эхэлсэн. Шүүгчийн карьерынхаа явцад энэ сонирхол минь улам гүнзгийрч эхэлсэн. Анх ихэнх шүүгчдийн адил хуулийн суурь зарчмууд дээр анхаардаг байсан бол технологи, инноваци, бүтээлч байдал огтлолцсон олон хэргийг шийдвэрлэх тусам оюуны өмчийн эрх зүйн өвөрмөц сорилтуудыг илүүтэйгээр сонирхох болсон. Оюуны өмчийн хэргүүд нь ихэвчлэн техник, шинжлэх ухааны нарийн төвөгтэй асуудлаас гадна шударга ёс, эдийн засгийн эрх, нийгмийн нөлөөллийн талаарх чухал асуудлуудыг хөнддөг. Хууль ба инновацийн огтлолцол миний сонирхлыг татсан бөгөөд оюуны өмч нь тухайн оюуны өмч эзэмшигчийн эрхийг хамгаалахын зэрэгцээ эдийн засгийн өсөлтийг дэмжихэд ямар чухал үүрэгтэйг би ойлгосон юм.

-Шүүгч болох замд тань ямар сорилтууд тулгарч байв, тэдгээрийг хэрхэн даван туулсан бэ?

-Би шүүгчийн ажлаа гурван бага насны хүүхдээ өсгөхийн зэрэгцээ эхлүүлж байлаа, тухайн үед бага охин минь дөнгөж долоон сартай байсан юм. Эхэндээ шүүгчийн ачааллыг зөвхөн богино хугацаанд л дааж гарч чадах байх гэж боддог байлаа. Гэвч түүнээс хойш 12 жил өнгөрсөн ч миний дур сонирхол цаг хугацааны эрхээр улам гүнзгийрсээр байна. Гэсэн хэдий ч энэ замнал нь олон зүйлд суралцаж, дасан зохицохыг шаардсан. Шинэ байгууллагын соёлд дасах, шүүгчийн асар их ажлын ачаалал, хариуцлагатай байх, мэргэжлийн болон хувь хүний хувьд тасралтгүй хөгжих шаардлага тулгарсан. Мөн нийгэм дэх шүүгчдийн талаарх зарим сөрөг хандлагыг даван туулах хэрэгтэй болсон. Эдгээр сорилтыг даван туулахын тулд шүүхэд хандаж буй хүмүүсийн хэрэгцээ, итгэл найдварыг ойлгохыг хичээж, ажлаа үнэнч шударгаар гүйцэтгэхийг эрмэлзсэн. Миний зорилго бол мэргэжлийн үүрэг хариуцлага болон болон хувийн амьдралын тэнцвэрээ хангах явдал байлаа. Үүнд хүрэхийн тулд би цагаа нарийн төлөвлөж, бясалгал, иогийг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлж, сэтгэл зүйн сургалтуудад тогтмол хамрагдан, амралтын өдрүүдийг гэр бүлтэйгээ өнгөрүүлэхийг урьтал болгодог. Эдгээр сорилтыг давахад асар их дэмжлэг болсон миний нөхөр, хүүхдүүд, найз нөхөд, туслах шүүгчид болон хамт олондоо би маш их талархаж явдаг.

Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагаас үргэлжлүүлэн БНФУ, БНХАУ, Бүгд Найрамдах Панам Улс, Азербайжан улсад оюуны өмчийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэдэг эмэгтэй шүүгчдийн туршлагыг хуваалцсан бөгөөд та бүхэн дараах холбоосоор зочлон тэдгээр шүүгчдийн зүгээс залуу шүүгчдэд өгөх зөвлөгөө болон тэдний түүхтэй танилцана уу.