ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
БУСДААС ХАХУУЛЬ ӨГӨХИЙГ ШААРДСАН ҮЙЛДЭЛД ЯЛ ОНОГДУУЛАВ
2026-03-04 Админ Хандсан тоо: 6 Хуваалцах
Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоол
Тоймын огноо: № 2026.03.04
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Санамж: “Энэ тойм шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой болно.”
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.А-г нийтийн албан тушаалтан буюу зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд 2024 оны 02 дугаар сарын 27, 28-ны өдөр хяналт шалгалт хийх үедээ иргэн Т.Ш-тэй утсаар холбогдож, түүний ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хясан боогдуулах аргаар 1,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүх дээрх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Г.А нь нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 1,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон, харин тус гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн гэдэг нь нотлогдон тогтоогдохгүй байна гэж дүгнэж, Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгож хөнгөрүүлэн өөрчилсөн.
Анхан шатны шүүх шүүгдэгч Г.А-г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 1,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шийдвэрлэсэн.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН АНХАН ШАТНЫ ШҮҮХ