ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл харгалзахгүйгээр Иргэний хуулийн зохицуулалтыг баримтлан эдийн бус гэм хорыг арилгаж болно
2026-01-30 Админ Хандсан тоо: 15 Хуваалцах
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Монгол Улсын дээд шүүх Эрүүгийн хэргийн танхим 2025.10.22-ны өдрийн 2025/ХШТ/109 дүгээр тогтоол
Шүүхийн шийдвэрийн тойм: №73 /ЭХТ-25/, 2026.01.27
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Иргэн Ч.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Р.Э-тэй маргалдаж, зодсоны улмаас Р.Э-ийн амь насыг хохироожээ.
Хоёр шатны шүүх Ч.Э-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 8 жил хорих ял шийтгэж, Иргэний хуулийн холбогдох заалтыг баримтлан амь хохирогчийн эхнэр Г.А-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 99,000,000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулан түүнд олгохоор шийдвэрлэсэн байна.
Ч.Э-ийн өмгөөлөгчийн зүгээс “Амь хохирогчийн эхнэр Г.А-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд харгалзах нөхөн төлбөрийн хэмжээгээр тооцож өгнө үү” хэмээн хяналтын гомдол гаргажээ.
Иргэний хуулийн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасан зохицуулалтын зорилго нь гэмт хэргийн төрөл, ангилал, гэм буруугийн хэлбэр, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон сэтгэцийн эмгэгийн зэрэглэл зэргээс үл шалтгаалан амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах явдал юм.
Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас амь хохирсон хүний ар гэрт үүссэн уй гашуу, шаналал, хямрал, цочрол зэргийг мөнгөн дүнгээр тооцохдоо нөхөн төлөгдөхүйц байх нь бодитоор хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд энэ нь зөвхөн амь хохирогчийн гэр бүлийн нэг гишүүнээр хязгаарлахгүйгээр, тэгш эрхийн зарчимд тулгуурлан ар гэрт нь олгож буй сэтгэцийн гэм хорын төлбөр болно.
Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох заалтыг баримтлан гэм буруутай этгээд Ч.Э-с гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 99,000,000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байх тул хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://www.supremecourt.mn/mn/printc?id=47720
Тоймыг бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Оч