ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛДААГ НЭХЭМЖЛЭГЧ ХАРИУЦАХГҮЙ
2025-12-17 Админ Хандсан тоо: 10 Хуваалцах

Шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 118/ШШ2025/0031

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Тоймын дугаар, огноо: №6, 2025 оны 11 дүгээр сарын 24

Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно

Аймгийн Засаг даргын 2020 оны А/395 дугаар захирамжаар хүсэлт гаргасан нэр бүхий нэхэмжлэгч нарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус бүр 440 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.

Гэвч Аймгийн Засаг даргын 2022 оны А/442 дугаар захирамжаар “холбогдох төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг өмчлүүлсэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу хоёр жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр урьд гаргасан 2020 оны А/395 дугаар захирамжийг хүчингүй болгосон байна.

Нэхэмжлэгч нар дээрх захирамжийг эс зөвшөөрч өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Үндэслэл нь:

Нэхэмжлэгч нарын маргаж буй газрууд аймгийн төвийн хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд амины орон сууцны зориулалттай газар байхаар тус тус тусгагдсан байх ба энэ нь хуульд заасан газар өмчлүүлэх хоёр зориулалтын “гэр бүлийн хэрэгцээний” гэх зориулалтад хамаарахаар байхад хариуцагчаас “...хотын хөгжлийн төлөвлөгөөнд гэр бүлийн зориулалтаар өмчлүүлэхээр тусгагдаагүй...” гэх үндэслэлээр нэхэмжлэгчид өмчлөх эрх олгосон эерэг үйлчлэлтэй захирамжийг хүчингүй болгосныг зөвтгөх үндэслэлгүй байна.

Түүнчлэн маргаан бүхий захирамжийн үйлчлэл чиглэсэн нэхэмжлэгч нарыг сонсох, бодит нөхцөл байдлыг тогтоож, баримтаар нотлох үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заасан зориулалтаар газар эзэмшүүлэх нь хариуцагчийн хуулиар хүлээсэн чиг үүрэг бөгөөд энэ үндэслэлээр нэхэмжлэгч нарыг буруутгаж болохгүй.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/19559?daterange=2025-01-01%20-%202025-12-05&id=1&court_cat=3&bb=1

Тойм бичсэн: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг