ЗЭЭЛИЙН ХҮҮ, НЭМЭГДҮҮЛСЭН ХҮҮГ ГЭРЭЭНИЙ ХУГАЦААГААР ХЯЗГААРЛАХГҮЙ
2025-12-04 Админ Хандсан тоо: 25 Хуваалцах

Шүүхийн шийдвэрийн огноо: 2025.07.25-ны өдөр. Дугаар 191/ШШ2025/06322

Шүүхийн шийдвэрийн тоймыг мэдээлсэн огноо: №11, 2025.11.25

Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нэхэмжлэгч “ТБ” ХК хариуцагч Э.О, хамтран хариуцагч Б.Т нарт холбогдуулан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Э.О, хамтран хариуцагч Б.Т нар шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.

Зохигчид 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулжээ.

Нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Э.О-д зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч Э.О-д зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн байх боловч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэх ба Б.Т “Зээлийн гэрээ”-д хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан байх тул Б.Т-г хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.

2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Зээлийн гэрээ”-ий хугацаа 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болсон байх боловч нэхэмжлэгч нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй байж болох ба зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй ба зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

Түүнчлэн, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.

Шүүх хариуцагч, хамтран хариуцагч нараас үндсэн зээл, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хүү, нэмэгдүүлсэн хүү, учирсан хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/198119?daterange=2025-01-01%20-%202025-11-25&id=1&court_cat=1&bb=1

Тойм бэлтгэсэн: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат