Дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн, зэвсэг хэрэглэн үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан өсвөр насны 2 шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэв
2025-12-03 Админ Хандсан тоо: 26 Хуваалцах

Шийдвэрийн дугаар: Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/540

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй. 

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”

     14, 15 настай О.С, М.Ц нарыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, дээрэмдсэн гэмт хэргийг зэвсэг хэрэглэн бүлэглэн үйлдсэн”, “Өөртөө болон бусдад ашиг олох зорилгоор, бүлэглэн бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

     О.С, М.Ц нар нь О аймгийн Б сумын нутагт насанд хүрээгүй Э.М-н гар утсыг дээрэмдэх зорилгоор араас нь дагаж, худал зүйл зохион ярьж, хохирогчтой харьцаа үүсгэж, түүнийг гэрээс нь өөр зүгт дагуулан явж, “гар утсаа өг, үгүй бол хутгалуул” гэж заналхийлэн айлган сүрдүүлж, насанд хүрээгүй хохирогчийг хутгалж, гар утсыг нь дээрэмдэн зугтааж, насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна. 

Эрүүгийн хуульд зааснаар бусдын эд хөрөнгийг зэвсэг хэрэглэн дээрэмдсэн, хүний эрүүл мэндэд санаатайгаар хүнд хохирол учруулсан бол тус тус эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор заасан.

     Өсвөр насны шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг прокуророос  шилжүүлсэн хэргийн хүрээнд хянаад Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Дээрэмдэх”, “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэм буруутай гэж шүүхээс дүгнэв.

Дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн хүнд оногдуулах ялыг “таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр хуульчилсан бөгөөд өсвөр насны шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, насанд хүрээгүй хохирогчид учруулсан хүнд гэмтэл, хохирол, хор уршиг, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлсөн болон өсвөр насны шүүгдэгч нарын нас, биеийн онцлог, ирээдүйд сурч боловсрох нөхцөл боломж , тэдний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь ижил гэмт хэрэг үйлдсэн насанд хүрсэн хүнд оногдуулах ял, хариуцлагаас ямагт илүү хөнгөн, тэдний нас, сэтгэл зүйн онцлогт тохирсон байх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг зарчим, зорилгод нийцүүлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж шүүхээс өсвөр насны шүүгдэгч О.С, М.Ц нарт тухайн гэмт хэргийн зүйл, заалтуудад заасан ялын хамгийн бага хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх 10 жилийн хорих  ялыг 2 дахин багасгаж, өсвөр насны шүүгдэгч тус бүр 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Тойм бэлтгэсэн: Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл