БАГШ, АЖИЛТАН МӨНГӨН ТЭТГЭМЖ ОЛГОХ ЖУРАМД ЗААСНААС ӨӨР ҮНДЭСЛЭЛЭЭР АЖЛААС ЧӨЛӨӨ АВСАН ХУГАЦААГ ТАСРАЛТГҮЙ АЖИЛЛАСАН ХУГАЦААНД ТООЦОХГҮЙ
2025-12-02 Админ Хандсан тоо: 21 Хуваалцах

 

Шийдвэрийн огноо, дугаар: 2025.04.11-ний өдрийн 124/ШШ2025/0013,

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Тоймын огноо, дугаар: 2025.09.01, дугаар 2

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Багш Б нь Боловсролын тухай хууль /2002 он/-ийн 43 дугаар зүйлд зааснаар 2021 онд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж авсан бөгөөд үүнээс хойш тэрээр 2023 оны 01-02 дугаар сар, 2023 оны 11, 12 дугаар саруудад тус тус өөрийн хүсэлтээр цалингүй чөлөө авсан ба чөлөөний хугацаа дууссанаар үргэлжлүүлэн багшаар ажиллаж байгаад тэтгэмж авах хүсэлт гаргасан.

Боловсролын байгууллагаас “...багш Б нь 36 сар тасралтгүй ажилласан гэх нөхцөлийг хангаагүй учир тэтгэмж авах эрх үүсээгүй” гэж үзэн тэтгэмж олгохоос татгалзсан байна.

2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Боловсролын ерөнхий хууль батлагдсан бөгөөд сум, багт ажиллаж байгаа төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын захирал, багш, ажилтанд эхний удаад 5 жил, дараагийн удаагаас 3 жил тутамд нэг удаа үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгө урамшуулал олгохоор байх бөгөөд ийнхүү олгох журмыг боловсруулж батлах эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгожээ.

Монгол Улсын Засгийн газар 2024 онд “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам”-ыг баталсан ба багш, ажилтанд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгохдоо энэхүү журмын 2.2-т “Боловсролын ерөнхий хуулийн 13.3.3-т заасан багш, ажилтан томилогдсон өдрөөс хойш тасралтгүй таван жил (60 сар) болон дараагийн гурав дахь жил (36 сар) ажилласан байх” шаардлагыг хангасан байхыг шаардахаас гадна “тасралтгүй ажилласан жил”-д ямар хугацааг хамааруулан тооцох талаар тодорхой зохицуулалтыг хийсэн бөгөөд журмын 2.3.1-2.3.7-д нэрлэн зааснаас өөрөөр ажлаас чөлөө авсан, түр чөлөөлөгдсөн, чөлөөлөгдсөн тохиолдолд тасралтгүй ажилласан хугацаанд тооцохгүй талаар нарийвчлан зохицуулсан.

Шүүхээс “нэхэмжлэгч Б нь 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс хойш гурван жил буюу (36 сар) ажилласан боловч 2023 оны 01-02 дугаар сар, 2023 оны 11, 12 дугаар саруудад тус тус өөрийн хүсэлтээр хувийн чөлөө авч, улмаар нийгмийн даатгалын шимтгэл тасалдсан энэхүү үндэслэл нь журамд заасан тасралтгүй ажилласанд тооцох нөхцөлд хамаарахгүй, тасралтгүй 36 сар ажилласан байх нөхцөлийг хангаагүй тул тэтгэмж авах эрх үүсээгүй” гэсэн дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/18441?daterange=2025-01-01%20-%202025-09-09&id=1&court_cat=3&bb=1

Тойм бэлтгэсэн: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж