ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛДААН БАГИЙН ЗАСАГ ДАРГЫГ СОНГОХ САНАЛ ХУРААЛТЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХ ЭРХТЭЙ
2025-12-02 Админ Хандсан тоо: 18 Хуваалцах
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2025-07-07-ны өдрийн 124/ШШ2025/0033
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Шийдвэрийн тоймын огноо, дугаар: 2025 оны 9 сарын 10, Дугаар 2
Багийн иргэдийн Нийтийн хуралдааны багийн Засаг даргыг сонгох санал хураалтад 4 иргэн оролцсоноос хэн ч олонхын санал аваагүй тул хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигчийн дунд дахин санал хураалт явуулахад 2 нэр дэвшигчийн санал тэнцсэн байна.Тооллогын коимссын шийдвэрээр нэмэлт санал хураалтыг зохион байгуулахаар шийдвэрлэн нэмж 28 иргэний санал авч олонхын санал авсан нэр дэвшигчийг багийн Засаг даргад нэр дэвшүүлжээ. Нэхэмжлэгч Ц-ээс хуралдааны процесс ажиллагаатай холбоотой маргасан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх эсэгт “Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн” гэж тодорхойлон,мөн хуулийн 32.8.2 дахь хэсэгт “хурлын хуралдааны дэг, зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх” бүрэн эрхийг багийн иргэдийн Нийтийн хурал хэрэгжүүлэхээр заасан. Иймд шүүхээс хоёр нэр дэвшигчийн санал тэнцсэн тохиолдолд ямар арга журмаар шийдвэрлэхийг иргэдийн Нийтийн Хуралдаанд оролцож байгаа иргэд олонхын саналаар шийдвэрлэх эрх хэмжээтэй байхад санал тооллогын комиссоос нэг цагийн хугацаа тогтоож, хуралдаанд ирээгүй иргэдээс нэмэлт санал авахаар шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй гэж үзэн багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин явуулахыг багийн Иргэдийн Нийтийн Хуралд даалгаж шийдвэрлэв. Мөн тухайн хуралдаанаар өмнө батлагдсан дэгийг баримтлахаар шийдвэрлэсэн гэх боловч хуралдаанд оролцсон иргэдэд дэгийг бүрэн танилцуулж, олонхын саналыг аваагүй тул хуралдааныг батлагдсан дэгээр явагдсан гэж үзээгүй болно.
Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол: https://shuukh.mn/single_case/18923?daterange=2025-01-01%20-%202025-09-11&id=1&court_cat=3&bb=1
Тойм бэлтгэсэн: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг